Завхан аймаг ирэх 4 жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээндээ үйлчин бүсгүйчүүдээ дэмжин ажилласны үр дүнд 1126 бүсгүй уран хатгамал хийж сурчээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы ивээл дор “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүд бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа. Чуулганы гол үйл ажиллагаа болох энэхүү үзэсгэлэн худалдаа нь хөдөө орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан борлуулалт хийх боломж олгосноор өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, цаашид нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой юм. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МЭХ-ний Завхан салбарын тэргүүн Х.Даваахүү, уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” ТББ-ын тэргүүн З.Цэнгэлсайхан, МУ-ын Гавьяат тамирчин, уулын спортын ОУ-ын хэмжээний мастер Б.Гангаамаа, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Завхан ОНХХ-ийн менежер О.Өлзийбаяр нар оролцон тууз хайчиллаа.
Үзэсгэлэнд 22 сумын 350 эмэгтэйчүүд 1755 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд 47 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс 222 нь уран хатгамалын бүтээгдэхүүн байжээ. Аймгийн Засаг дарга орон нутагтаа үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах тухай захирамжийг гаргаснаас гадна эмэгтэйчүүд бүтээлээ урлах, харилцан туршлага солилцоход нь дэмжлэг болох үүднээс бүх сумын “Иргэний танхим”-уудыг амралтын өрдүүдэд тэдэнд зориулан ажиллуулж байна. Түүнчлэн 2017 оны 1 сарын 1-ээс эхлэн УБ хотод Завхан аймгийн бизнесийг дэмжих нэгж ажиллаж эхэлсэн. Энэ нэгж нь Завхан аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийслэл хотод борлуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэ технологи оруулж ирэх, УБ хотод бизнес эрхэлж байгаа иргэдийг Завхан аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ холбож өгөх зорилготой юм.
Чуулганы үеэр МЭХ-ны Завхан салбарын тэргүүн Х.Даваахүү 2016 онд МЭХ-оос хийсэн ажлын товч мэдээллийг танилцуулж, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа “Орон нутгийн хөгжилд олон нийтийн оролцоо, эмэгтэйчүүдийн үүрэг”, МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” ТББ-ын тэргүүн З.Цэнгэлсайхан “Уран хатгамалын гайхамшиг”, “Очирвааний эрүүл ирээдүй” ТББ-ын тэргүүн, нийгмийн эрүүл мэндийн сургагч багш Б.Готов “Ундны усны аюулгүй хэрэглээг хангахад гэр бүл эмэгтэйчүүдийн оролцоо,” “Амар амьдрал” ТББ-ын тэргүүн, бясалгалын сургагч багш Л.Авирмэд “Сэтгэлийн амар амгалан ба эрүүл мэнд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Чуулганы үеэр мөн 9 салбарын 2016 оны манлай эмэгтэйчүүдийг шалгаруулсан бөгөөд санхүү банкны салбарын манлай эмэгтэйгэр Даваахүүгийн Базаргарам, Төрийн үйлчилгээний салбарын манлай эмэгтэйгээр Дамирангийн Тунсаг, Хууль эрх зүйн салбарын манлай эмэгтэйгээр Доржийн Ням, Боловсролын салбарын манлай эмэгтэйгээр Гэндэндарамын Сарантуяа, Эрүүл мэндийн салбарын манлай эмэгтэйгээр Нацагмаагийн Ариунсайхан, Үйлдвэрлэлийн салбарын манлай эмэгтэйгээр Циенхоролын Намжилмаа, Худалдаа үйлчилгээний салбарын манлай эмэгтэйгээр Чимэдбальдарын Алтансүх, спорт соёл урлагийн салбарын манлай эмэгтэйгээр МУ-ын гавьяат тамирчин, уулын спортын ОУ-ын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа, мал аж ахуйн салбарын манлай эмэгтэйгээр Доржийн Надмид нар тус тус шалгарлаа. Мөн эмэгтэйчүүдээ чадавхжуулах олон ажил зохион байгуулсан, үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон шилдэг эмэгтэйчүүдийн холбоогоор Отгон, Их-Уул, Завханмандал, Цагаанхайрхан, Тэлмэн, Асгат, Нөмрөг сум шалгарлаа.
Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг бол том алхам, том амжилт. Тиймээс аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэрлэдэг аймаг болох зорилтын эхлэлийг эмэгтэйчүүд, ээжүүд тавьсанд баяртай байгаагаа энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ.
Аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа Завхан аймгийн үйлчин бүсгүйчүүд цаашид бүтээлүүдээ улам боловсронгуй болгоно гэдгээ энэ үеэр мөн хэлж байсан юм.
Б.Оюун-Эрдэнэ