ТӨРИЙН ХҮНД СУРТЛЫГ БҮХ ШАТАНД АРИЛГАНА
1876 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Албан байгууллагын дарга нарын энэ 7 хоногийн ээлжит хурал Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан дээр боллоо. Хурлын эхэнд Орон нутаг судлах музей, Төв номын сан, Статистикийн хэлтсээс тус тус мэдээлэл хийлээ. Сүүлийн үед номын санд сууж ном уншдаг хүний тоо харьцангуй цөөрсөн байна. Тиймээс төв номын сангаас “Оюунлаг байгууллага”, “Оюунлаг гэр бүл” шалгаруулах уралдаан зохион байгуулна гэдгээ энэ үеэр хэллээ. Статистикийн хэлтсээс 2016 оны аймгийн нийгэм эдийн засгийн статистикийн товч мэдээлэл өгсөн юм. Оны эцэст Завхан аймаг 21.1 мянган өрхийн 70.9 мянган хүн амтай болж өмнөх оноос өрх 1.8 хувь, хүн ам 1 хувиар тус тус өсчээ. Нийт хүн амын 55.7 хувь нь хөдөө, 21.6 хувь нь сумын төв, 22.7 хувь нь аймгийн төвд оршин сууж байна. 2016 онд 336 хос гэрлэлтээ бүртгүүлж 40 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж 32 хүүхдийг үрчилсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт аймгуудын ИТХ-ын дарга болон Засаг дарга нар УБ хотод нэгдсэн сургалт семинарт хамрагдсан бөгөөд бүх сайдуудтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ үеэр мөн аймгийн Засаг дарга Завхан аймагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлүүлсэн тухайгаа хэллээ. Тухайлбал Барилга хот байгуулалтын яам Завхан аймагт дэмжлэг үзүүлж Цэвэрлэх байгууламжийг Польш улсын санхүүжилтээр барихаар болжээ. Улиастай хотыг энэ өвөл хөлдөх аюулаас урьдчилан сэргийлж 1.2 км цэвэр усны шугамыг ОНХС-аас 50 хувийн санхүүжилтийг нь гаргаж шинэчилсэн бол үлдсэн 50 хувийн санхүүжилт болох 328.7 сая төгрөгийг мөн Барилга хот байгуулалтын яамнаас шийдэж өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр ОНХС-ийн хөрөнгөө орон нутагтаа өөр чухал бүтээн байгуулалтанд зарцуулах боломж бүрдсэн гэсэн үг юм.

 

Мөн Эрүүл мэндийн яамнаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засварын ажилд 120 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хамтран ажилласан гэдгийг энэ үеэр аймгийн Засаг дарга хэллээ. Түүнчлэн Завхан аймагт зайлшгүй хэрэгтэй байгаа дурангийн мэс заслын аппарат, ариутгалын аппарат, амьсгалын аппаратыг олгож, 6 сумын автомашиныг бүрэн шинэчлэхээр болсон байна. Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан бас нэгэн чухал асуудал бол диализийн аппарат байхгүйгээс бөөрний дутагдалтай хүмүүс УБ хотруу явах шаардлагатай болдог байсан. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын туслалцаатайгаар шийдвэрлэж, гадаадын төслөөр 2ш диализийн аппаратыг оруулж ирэхээр болжээ.

 

Харин Эрчим хүчний яамны шугамаар Улиастай сумын эрчим хүчний шугамын өргөтгөлийн хөрөнгийн 100 орчим сая төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн байна.

 

БСШУСпортын яамнаас царцсан барилгуудад, тухайлбал ХЖТеатрын барилга дээр тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг тавьж өгсөнөөс гадна Спорт цогцолборын барилга, Их-Уул сумын 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ. Мөн концессийн гэрээгээр Баянхайрхан сумын сургуулийн 140 сая төгрөгийн засварын ажлын эх үүсвэрийг шийджээ.

 

УИХ-ын дарга, Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нартай уулзах үеэрээ хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн байна. Үүнд УИХ-ын даргын зүгээс:

  1. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ-аар баталсан бөгөөд аймаг бүр дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх
  2. Төр захиргааны байгууллагуудын бүтэц орон тооны асуудлыг эргэн харж, үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллах, сум, агентлагуудын бүтэц орон тоог боловсронгуй болгох асуудлыг аймгийн Засаг дарга нар зохион байгуулах
  3. Гадаадын хөрөнгө оруулагчдаас авсан судалгаагаар 57 хувь нь төр захиргааны байгууллагын хүнд суртлаас шалтгаалан хөрөнгө оруулалтаа татсан байна. Тиймээс төрийн хүнд суртлыг бүх шатанд арилгах үүрэг даалгаварыг өгсөн бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс 70461212 утсанд иргэдээс ирж байгаа саналуудад бүх хэлтэс агентлагууд хариу өгөх ёстойг онцгойлон анхаарууллаа. Хэрэв хугацаанд нь тодорхой хариу өгөхгүйгээр “Судалж байна” гэсэн тодорхой бус харилт өгсөн тохиолдолд тухайн байгууллагат хариуцлага тооцно гэдгээ ч аймгийн Засаг дарга албан байгууллагын дарга нарт хатуухан анхаарууллаа.
  4. Татвар төлөгч нартай ойрхон ажиллаж төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатаа анхаарал хандуулан ажиллах, төвлөрлийг сааруулах саналаа УИХ-д гаргаж өгөх, бүх шатанд хариуцлагын асуудлыг чангатгахыг мөн тус тус даалгасан байна.

Харин Ерөнхий сайдын зүгээс: Гадаад хамтын ажиллагаанд анхаарч ажиллах, үйлдвэржилтийн бодлогыг сайн хэрэгжүүлэх, мах сүүний аяныг орон нутагт хэрэгжүүлэх, орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад тухайн орон нутгийн удирдлагууд шууд үнэлэлт дүгнэлт өгч ажиллах, малаа эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах, томилгоог дуусгах, сум, хэлтэс, агентлагийн дарга нар аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар дамжуулахгүйгээр яаманд албан бичиг явуулдаг ажлыг зогсоох зэрэг үүрэг даалгаварыг өгсөн байна. Тиймээс сайдуудтай байгуулсан гэрээ, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс өгсөн дээрх үүрэг даалгаваруудыг хэлтэс агентлаг, сумдын Засаг дарга нартай байгуулах гэрээндээ тусгаж өгнө гэдгийг аймгийн Засаг дарга энэ үеэр хэллээ. Мөн өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан хоёр томоохон үйл ажиллагаа болох “Багшийн сэтгэл хүүхдэд-1” удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалт, “Хамтын хүч-хөгжлийн гарц” эмэгтэйчүүдийн чуулганы тухай мэдээлэл өгсөн юм.

 

Ийнхүү цаашид анхаарч ажиллах хэд хэдэн үүрэг даалгаварыг сум, албан байгууллагын дарга нарт өглөө. Үүнд:

  1. Оны эхнээс эхлэн нэг ч төгрөгийн муу зардал гаргахгүй байх муу зардлыг бууруулах аян зарлаж байгаа бөгөөд байгууллага бүр хамт олноороо хэлэлцэж, зардлаа бууруулж, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах
  2. Сумдад томилолтоор ажиллах асуудлыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах бөгөөд бүх хэлтэс агентлагууд 1-р улиралд сумдад ажиллах хуваариа гаргаж 1 сарын 20-ны дотор ТЗУХ-т хүргүүлэхийг үүрэг болголоо. Энэ саналыг үндэслэн сумдад ажиллах нэгдсэн хуваарь гаргах ба байгууллага бүр тус тусдаа машинаар явахгүй байхаар унааны асуудлыг цэгцлэх юм. Хэрэв төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлаар сумдад очвол сумын Засаг дарга нар томилолтыг нь бөглөж өгөхгүй байх үүргийг мөн өглөө. Зайлшгүй цаг үеийн шинжтэй, төлөвлөгөөнөөс гадуур ажил дээр зөвхөн аймгийн Засаг дарга зөвшөөрөл өгнө. Мөн ямар ч албан тушаалтан сумд ирэхэд сумын төвөөс гарч угтах, үдэх асуудлыг зогсоохыг үүрэг болголоо.
  3. Агентлагын дарга нар аливаа асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хэлтсийн дарга нараар дамжуулж уламжлах, хэлтсийн дарга нараар дамжуулаагүй саналыг аймгийн Засаг дарга хүлээж авахгүй гэдгээ хэллээ.
  4. Энэ жилээс эхлэн жил бүр тендерүүдийг 4 сарын 1 гэхэд дуусгаж, 5 сарын 1 гэхэд ажлаа эхэлдэг байхаар зохион байгуулах
  5. Аймгийн Засаг дарга хэлтэс, агентлаг, сумуудтай байгуулах гэрээг 2 шатны хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа үзэглэх учраас өнгөрсөн онд хийсэн ажил, 2017 онд хийх ажлын саналаа оруулах
  6. Эрх, үүрэг, хариуцлага гурав нэг түвшинд байх ёстойг цаг ямагт санаж ажилтнуудтайгаа үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа анхаарч ажиллах, мөн бүх байгууллагууд дотоод журмаа шинэчлэн батлахдаа аймгийн ЗДТГ-т ирүүлж хянуулах ажлыг зохион байгуулах. Ингэснээр аль ч байгууллагын ажилтан нэг ижил зөрчил гаргахад адилхан хариуцлага хүлээдэг болох тогтолцоог бий болгох юм.

 

Дараагийн албан байгууллагын дарга нарын хурлыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс дээр зохион байгуулахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-01-18 18:24:51