АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ
1119 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онцгой комисс хуралдаж үндсэн 5 асуудал хэлэлцлээ. Эхлээд ОБГ-ын орлогч дарга, хошууч Б.Ядамжав Онцгой комиссыг шинэчлэн байгуулсан Засаг даргын захирамж, комиссын ажиллах журмыг танилцуулж, 2016 онд аймгийн Онцгой комиссоос хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2016 онд гарсан гамшиг ослын талаар мэдээлэл хийлээ. Дараа нь аймгийн УЦУОШГазрын дарга Э.Мөнгөнцэцэг цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ жил  хүйтний улирал эхэлснээс хойш говь талын нутгаар 2-8мм цас орж,  агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд  Дөрвөлжин суманд  хамгийн бага буюу 2 удаа цас орсон байна. Цасны хэмжээ зүүн сумдаар их талдаа 10-20 см, ууландаа 21-30 см, гуу жалгандаа 31-50 см байна. 2016 оны 10 дугаар сарын 16-аас эхлэн цас орсон бөгөөд 11 сард агаарын температур дулаарч нойтон цас орсон нь цасны дунд хэсэгт болон газрын хөрсөн дээр мөсжилт үүсэх шалтгаан болж зүүн бүсийн сумдад өвөлжилт хүндэрчээ.  Түүнчлэн Тосонцэнгэл сумын Оргих багт бэлчээрийн даац хэтэрсэн гэдгийг хэллээ. Мөн Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тоот тогтоолоор нутгийн хойд болон зүүн хэсгээр “цагаанаар зудархуу” гэсэн дүгнэлт гарчээ. Харин говийн 5 сумын нутгаар цасан бүрхүүл харилцан адилгүй, усан хангамж дутагдалтай, төвийн болон өмнө хэсгээр цас бага орсноос мөн ус дутагдалтай байна. Малчид малаа 2-5 өнжиж худагт усалж байгаа бөгөөд нийт малын 40 орчим хувь нь цасаар бусад мал нь худгаас усалж байгаа юм байна. 1-р сард баруун сумдаар хур тунадас орох магадлал маш муу байгааг хэллээ.

Харин аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд Өвөлжилтийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сумдаас ирүүлсэн хүсэлт, өвс тэжээлийн хуваарь болон хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл хийлээ. Одоогоор 9 сумын 23 багт өвөлжилт хүндэрч цагаан зудын болон цагаанаар зудархуу байна. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, хорогдол эхэлсэн, сумаас багт хүрэх зарим зам даваа хаагдсан байна. Архангай аймагт цэцэг өвчин, Говь-Алтай, Ховд аймагт мялзан өвчин гарсан бөгөөд Архангай аймагт Их-Уул, Тосонцэнгэл сумаас отор гарсан учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэллээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан: Аймгийн Онцгой комиссоос 11 дүгээр сард ажлын хэсэг томилон хойд сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан. 4 сумын 6 багийн зам даваа хаагдсаныг онгойлгох, сэлбэг хэрэгсэл болон хувийн трактортай хүнтэй гэрээ хийж талпуу татсан зэрэг 30-аад сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. 11 дүгээр сард Сонгино сумд аймгийн Онцгой комисс хуралдаж Тэс сумын Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангид трактор, Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэс болон Улиастай, Их-Уул, Тэс  суманд түргэн тусламжийн гэсэн 4 автомашины асуудлыг мөн шийдвэрлээд байна. Эрүүл мэндийн газрын шугамаар 6 автомашин, мөн аймгийн Онцгой комиссод 100,000,000 төгрөгийн эх үүсвэрийн асуудал шийдвэрлүүлсэн. Онцгой комиссын хуралдаанаар аймагт 220 тонн өвсийг үнэгүй, 220 тонн тэжээлийг 50 хувь хямдруулсан бөгөөд энэ өвсийг 11 суманд хүргэх зардал болох 10,4 сая төгрөгийг шийдсэн байгаа. Засгийн газрын тогтоолд орсон 11 сумдад 20 тонн өвс үнэгүй, 20 тонн тэжээл 50 хувь хямдралтай олгохоор болсон гэдэг мэдээллийг өглөө. Энэ үеэр Улсын нөөцийн салбарын дарга Баасанжав аймгийн улсын нөөцийн салбаруудаар хивэг 11800 төгрөгөөр зарж байгааг дуулгалаа.

 

Хэлэлцэх асуудлын хүрээнд комиссын гишүүд өөр өөрийн саналаа илэрхийлсний дараа дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: 1.Ургамал сумын “Порст голд майнинг” ХХК-ын 4 ширхэг цооног малчдын хэрэгцээг хангаж байгаа худгийн ундаргаас авч байгаа асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдлыг тодруулах “Ажлын хэсэг” байгуулан ажиллахыг Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн  хэлтсийн дарга Ж.Батцэнгэлд 2. Хил залгаа Архангай аймагт Цэцэг, Ховд, Говь-Алтай аймгуудад Мялзан өвчин гарсантай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах “Ажлын хэсэг” байгуулан төлөвлөгөө гарган ажиллахыг Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод 3.Шадар сайдын 01 дүгээр тушаалаар өгсөн үүргийн дагуу МУЗГ, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас ирүүлсэн тусламж дэмжлэгийг хүлээн авч хуваарилах, зарцуулах хяналт тавих “Ажлын хэсэг” байгуулан өвс тэжээлийн хуваарь гарган батлуулж олгох, онцгой комиссыг мэдээллээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч Ч.Пунцагт 4.Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдад одоо ажиллаж байгаа худгуудын хариуцсан эздийг тодруулж, шинээр олгох худгийн мотор, насоссыг хуваарилан эзэнжүүлэх ажлыг зохион байгуулахыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга  Ж.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болголоо. Мөн Онцгой комиссын 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг 01 дүгээр сарын 18-нд батлуулсан байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

 

 

 

 

2017-01-19 12:53:25