АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ШИНЭ ОНЫ АНХНЫ АЛБАН ДААЛГАВРАА ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ГАРГАЛАА
1445 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн эрх, хамгаалал сайжрах юм. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт  хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд хохирол учруулахуйц ажлууд багтдаг. Тухайлбал, билгийн тооллын хаврын эхэн сард зохион байгуулдаг хурдан морины уралдаан нь цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Мөстэй, хальтиргаатай зам дээр морь хальтрах, унаач хүүхэд осгох, хөлдөх, улмаар нүд, амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг байна. Судалгаанаас харахад улсын хэмжээнд 2012-2014 оны хугацаанд нийт 326 хүүхэд мориноос унасны улмаас эмнэлгийн яаралтай тусламж авч, 18 хүүхэд нас баржээ. Баяр наадмын тухай хуулиар хурдан морины уралдаанд 7-оос доош насны хүүхэд морь унахыг хориглож, хамгаалалтын хувцас өмсч, даатгуулсан байхыг шаарддаг. Гэвч энэ нь улсын баяр наадмаас бусад үед зохион байгуулж буй уралдаанд төдийлөн үйлчлэхгүй байгаагаас гадна үсэргээ, сунгааны үеэр хүүхдийн аюлгүй байдлыг хангаагүйгээс хүнд гэмтэл авах,  нас барах тохиолдол цөөнгүй байдаг байна.

 

Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталж, жилийн хамгийн аюултай үе буюу 11 сарын 01-ээс 05-р сарын 01-ний өдрийг хүртэл 18-аас доош насны хүүхдээр морь унаж уралдуулахыг хориглосон байна. Тиймээс Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан шинэ оны анхны албан даалгавраа морин уралдааныг хориглож, Завхан аймгийн 1100 гаруй унаач хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргалаа. Үүнд: Сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн нар холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүүлж ажиллах, өвөл хаврын улиралд бооцоот морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, хууль зөрчигч нарт хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллах,  аймгийн Морин спорт, уяачдын холбоонд  жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд морины уралдааныг зохион байгуулахгүй байх, хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг тус тус даалгалаа.

 

Б.Оюун-Эрдэнэ


 

        

2017-01-23 12:04:37