Энэ 7 хоногийн албан байгууллагын дарга нарын хурал Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт боллоо. Хурлын эхэнд ХХҮГ-ын дарга М.Гүрсэд байгууллагынхаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод энэ онд төрийн захиргааны болон бусад байгууллагатай хамтарч хийх ажлынхаа тухай мэдээллийг өглөө.
Үүний дараа аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа хэлтэс агентлагуудын аймгийн Засаг даргатай байгуулах гэрээний төсөл дээр ажилласан хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгсөн юм. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлагаас 6 нь “удирдах албан тушаалтан байхгүй” гэдэг шалтгаанаар тайлангаа тавиагүй байна. Ихэнх байгууллага өнгөрсөн оны ажилдаа бодит дүгнэлт хийгээгүй учраас энэ онд юу хийх нь тодорхойгүй байна. Тиймээс байгууллага бүр гүйцэтгэлийн болоод эрсдлийн төлөвлөгөөтэй болох ёстой гэдгийг энэ үеэр онцоллоо. Энэ жил 16 дэд хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд эдгээр хөтөлбөрийг боловсруулахын тулд ард иргэдээ сонсох явдал хамгийн чухал. Гэвч байгууллагуудын гэрээний төсөлд ард иргэдээсээ асуух, ард иргэдээ сонсох тухай дурьдагдаагүй байна. Иймд хамгийн түрүүүнд байгууллага бүр иргэдээ сонсох ажлыг зохион байгуулахаас гадна ТББ-уудтай хамтарч ажиллах тал дээр анхаарах шаардлагатайг мөн хэллээ. Түүнчлэн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг ч онцоллоо.
Харин аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн 7 хоногт болсон чухал үйл явдал болоод албан байгууллагын дарга нарт өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилтийн тухай мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 7 хоногт аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Лхамсүрэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхбат нар Төрийн албаны зөвлөл дээр шалгалтаа амжилттай өгч төрийн жинхэнэ албан хаагч болсныг энэ үеэр дуулгалаа. Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаас хэрэгжүүлдэг төсөл энэ жил Завхан, Говь-Алтай аймагт хэрэгжихээр болжээ.
Энэ сарын 16-ны өдөр УБ хотод архи согтууруулах ундаанаас хамааралтайгаар 5 хүний амь нас эрсэдсэнтэй холбоотойгоор аймгийн ОБГазар, Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд нэгдүгээрт архи согтууруулах ундаа, хүнсний бүтээгдэхүүн дээр тавих хяналт шалгалтыг чангатгах, ялангуяа хямд үнэтэй архины борлуулалтанд илүү анхаарах, хоёрдугаарт, эрсдлээс хамгаалах төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах шаардлагатайг хэллээ. МХГазраас архины зөвшөөрөлтэй цэгүүдийн тоог цөөлөх саналыг ирүүлсээр байгаа бөгөөд 160 гаруй зөвшөөрөл олгож, 180-аад байгууллагын зөвшөөрлийг цуцалсан байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналт шалгалтыг өмнөх арга барилаасаа эрс өөрчилж зохион байгуулахыг МХГ, Цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагуудад аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Мөн аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэрлэсэн асуудлын талаар товч мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 7 хоногт мөн ОХУ-ын Новосибирск хотын биогазын үйлдвэрийн захирал, инженертэйгээ Завхан аймагт ажилласан байна. Тэд Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр гэсэн сарлаг ихтэй 4 сумд ажиллаж мэдээлэл цуглуулжээ. Энэ хүрээнд 3 чиглэлийн асуудал яригдаж байгаа юм. Нэгдүгээрт, малын ялгадас ашиглан биогазын технологиор эрчим хүч, халаалтын асуудлыг шийдвэрлэх тухай судалгааг гаргаж Завхан аймагт ирүүлэх юм. Хэрвээ энэ технологи Завхан аймагт хэрэгжвэл модны хэрэглээг багасгах, байгаль орчноо хамгаалах зэрэг олон ач холбогдолтой. Хэдийгээр анхны хөрөнгө оруулалт өндөр байх боловч нийт зардлын 15 хувийг аймаг гаргавал үлдсэн 85 хувийг жилийн 6 хувийн хүүтэй банкны зээлээр шийдвэрлэх боломжтой юм байна. Хоёрдугаарт, малчны хотонд өөрийг гэсэн эрчим хүч, халаалтын системтэй бага оврын биогазын технологийг нэвтрүүлэх судалгааг хийж байна. Ингэснээр “жишиг өвөлжөө”-г бий болгох боломж бүрдэнэ. Гуравдугаарт, Town House маягийн хаусуудыг биогазын технологиор халаах, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх боломж байгаа эсэхийг судалж байна. Ингэснээр хаус хорооллуудыг үүсгэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Мөн өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг дарга бүх сумын Засаг дарга нартай уулзалт хийж, үүрэг чиглэл өгсөн байна. Сумдын Засаг дарга нарын зүгээс хэлтэс агентлагууд аливаа асуудалд шуурхай бус хандаж, хариу мэдээлэл өгөхгүй байгааг хэлжээ. Иймд албан байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллахаас гадна зөвхөн сумууд бус иргэдээс ирж буй санал хүсэлтэнд ч шуурхай хариу өгч ажиллахыг үүрэг болголоо. Мөн төвөөс ирсэн хариутай бичгийн хариуг цагийг нь тулгаж бус, хугацаанаас нь өмнө хариуг нь өгөх ажлыг бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.
Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтой Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн мөн өнгөрсөн 7 хоногт болсон бөгөөд онооны цахим системийг нь Завхан аймагт үйлдвэрлэж байгаа юм байна. Тиймээс сумдынхаа спорт зааланд энэ цахим системийг худалдан авч өгч дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахыг албан байгууллагын дарга нарт уриаллаа.
Мөн Завхан аймгийн соёлын байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор аймгийн ХЖТаетрт МУ-ын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар урилгаар ирж ажилласан бөгөөд тэрээр ХЖТеатрын уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна. Нөгөө талаас аймгийн ХЖТеатрыг УДЭТеатртай холбох гүүрийг тавьж өгчээ. Цаашид соёл урлаг, спортын салбарыг дэмжин уран бүтээлчид, тамирчдын тоог нэмэх бодлого барьж байгааг энэ үеэр хэллээ. Тухайлбал аймгийн БТСГазар нийт 15 орон тоотойгоос дасгалжуулагч 4, үйлчилгээний ажилтан 11 байсныг цөөлж дасгалжуулагчийн тоог 8 болгосон байна.
Сумдад томилолтоор ажиллах хуваарь гаргах асуудалд албан байгууллагууд хангалтгүй хандсан бөгөөд цаашид улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор сумдад ажиллах төлөвлөгөөгөөг ТЗУХ-т ирүүлж байхыг үүрэг болголоо. Хуваариа ирүүлээгүй албан байгууллага тухайн улиралд сумдад томилолтоор ажиллахгүй гэдгийг аймгийн Засаг дарга хатуухан санууллаа.
Хурлын үеэр шинэ томилгооны тухай мэдээллийг өгсөн бөгөөд аймгийн БОАЖГазрын даргаар Б.Мөнхбат, Хяргас нуур Завхан гол сав газрын захиргааны даргаар Т.Шугар, МХГ-ын даргаар А. Даваадорж нар тус тус томилогдсон байна. Мөн Улиастай сумын багийн шинэ дарга нарыг танилцууллаа.
Төрийн байгууллага бол ард иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага юм. Тиймээс хийх ажлын төлөвлөгөөгөө ард иргэдээсээ асуух, хийсэн ажлын тайлангаа ард иргэддээ тогтмол танилцуулж тайлагнадаг байх зарчмыг мөрдөж ажиллахыг үүрэг болголоо. Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг ч ард иргэд хэрхэн, яаж үнэлсэн бэ гэдгээр нь дүгнэж, иргэдээ үнэлдэг систем рүү шилжинэ гэдгийг аймгийн Засаг дарга хэллээ. Түүнчлэн хөрөнгө мөнгөгүйн улмаас аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдаагүй асуудлыг яамтай байгуулах гэрээндээ тусгадаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Ийм зөрчил гаргасан дарга нарт хариуцлага тооцно гэдгээ хэлээд байгууллагын дарга нар аймгийнхаа эрх ашиг, хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн баг болж, нэгдэж ажиллахыг аймгийн Засаг дарга Д.Батсайхан уриаллаа.
Дараагийн албан байгууллагын дарга нарын хурлыг аймгийн БОАЖГазар дээр зохион байгуулахаар боллоо.
Б.Оюун-Эрдэнэ