УБ ХОТЫН SHANGRI-LA MALL-Д ЗАВХАН АЙМГИЙН “ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
2420 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг “Global event” ХХК УБ хотын Шангри-Ла Моллд энэ сарын 3-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд ирэх 4 жилд үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж буй Завхан аймгийг урьснаар манай аймаг гар урлалын бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, МҮХАҮТанхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа нар оролцож тууз хайчиллаа. ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлэхдээ энэхүү үзэсгэлэн худалдаа нь үндэсний шилдэг бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа бөгөөд Завхан аймгийн гар урчууд оролцож байгаагаараа онцлогтой гэдгийг тодотголоо.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагааг мөн Завхан аймгийн УБ хот дахь Нутгийн зөвлөлийн зөвлөх Ч.Ээнзэндагва үзэж сонирхсон бөгөөд энэ үйл ажиллагаа нэгдүгээрт, нутаг орноо сурталчилан таниулах хоёрдугаарт, Завхан аймгийн бүсгүйчүүдийн ур чадварыг харуулсан сайхан ажил болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа.

 

Үзэсгэлэн худалдаанд Завхан аймгаас иж бүрэн сийлбэртэй Монгол гэр, эсгий эдлэл, үндэсний уламжлалт зүү ороож оёсон монгол гутал, даалин, хавтаг, хос дээл гээд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үйлчлүүлэгчид ч Завхан аймгийн гар урчуудын бүтээл өнгө үзэмж, чанар сайтайгаас гадна боломжийн үнээр худалдаалж буйд  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Энэ оны 1 сарын 1-ээс эхлэн УБ хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Завхан аймгийн “Бизнесийг дэмжих нэгж” энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад мөн хамтран ажиллаж байгаа юм.

 

 “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг зорьж Завхан нутгийн гар урчуудын чадвар, сэтгэлээ шингээж урласан бүтээлүүдээс худалдан авахаас гадна хайртай дотны хүмүүстээ зориулан захиалгаар хийлгэх боломжтой юм.  Завхан нутгийн шилдэг бүтээгдэхүүнээс худалдан авалт хийж орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

 

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-02-08 09:55:07