ЦАГААНХАЙРХАН СУМЫН ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
1292 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цагаанхайрхан сумын “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-2017” үйл ажиллагаа боллоо. Жилийн 4 улирлын туршид үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй ажиллаж ачааны хүндийг нуруундаа үүрдэг төлчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор тус сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ жилийн чуулга уулзалтанд 4 багийн 100 гаруй төлчин эмэгтэйчүүд буюу сумын нийт төлчин эмэгтэйчүүдийн 98 хувь нь оролцжээ. 

 

Энэ үеэр “Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгийн дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнийг зохион байгуулж Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Алдархаан сумын багууд ирж оролцсон байна. Мөн “Бүтээлч эмэгтэй” үзэсгэлэн, “Хатдын үзэсгэлэн” баярын концерт, “Шилдэг төлчин эмэгтэй”, “Шилдэг хатан ээж” шалгаруулах ёслолын ажиллагаа, “Цагаан сүүний цацал”, “Спортлог-төлчид” нөхөрсөг спортын тэмцээнүүд, “Төлчин мисс-2017” гээд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулжээ. Төлчин эмэгтэйчүүдийн хувьд цаг наргүй ажлаасаа түр амсхийж, олон төрлийн сонирхолтой арга хэмжээнд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Чуулга уулзалтанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцож төлчин эмэгтэйчүүддээ баяр хүргэж амжилт хүслээ. Мөн тус сумд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Ширээгийн голын гүүр, сургуулийн орчин дахь био нойлын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Цагаанхайрхан сумын удирдлагууд ч халуун ус, орон нутгийн чанартай гүүр барих гээд иргэдийнхээ ахуй амьдралд хэрэгцээтэй байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Ийнхүү 2 өдөр үргэлжилсэн Цагаанхайрхан сумын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-02-08 12:20:25