АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЫН ЗАСАГ ДАРГА, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
1051 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 24 сумын Засаг дарга болон албан байгууллагын дарга, эрхлэгч нартай 2017 онд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгууллаа. Энэхүү гэрээ нь сумын Засаг дарга, албан байгууллагын удирдлагууд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сум, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэн орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. Гэрээний төслийг боловсруулахдаа шат дараатай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж бэлтгэл ажлыг сайн хийсэн учраас амьдралд ойр, ард түмэнд өгөөжөө өгөх гэрээ болсон  гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо. Төрийн аль ч шатны үйлчилгээг хүлээн авагч нь ард түмэн байдаг. Тиймээс сумын Засаг дарга, албан байгууллагын дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээг аймгийн Засаг дарга үнэлдэг байсан тогтолцоог өөрчилж энэ жилээс эхлэн ард түмний үнэлгээн дээр суурилж дүгнэдэг байхаар тусгаж өгчээ.

Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хангуулах талаар удирдлага, зохицуулалтын шуурхай арга хэмжээ авч ажиллах, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлж, үр дүнг иргэд, олон нийтэд ил тод мэдээлэх, түүнчлэн иргэдэд төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгаж, тэдний санал хүсэлтийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ төрийн албан хаагчийн хүлээх хариуцлагыг тодорхой болгох, авлигаас ангид байх, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх үйлчилгээний стандартыг тогтоож мөрдүүлэх, байгууллагын болон төсвийн үйл ажиллагааг ил тод болгох гээд иргэд  рүүгээ чиглэсэн олон чухал заалтыг гэрээнд тусгажээ. Мөн энэ жилийн гэрээг эрх, үүрэг, хариуцлага гурав дээр тулгуурлан баталгаажуулж байгаагаараа онцлогтой юм. Ялангуяа хариуцлагыг нэлээн чангатгасан байна. Үр дүнд нь иргэддээ чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх үүднээс энэхүү гэрээг байгуулж байгаа гэдгээ аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-02-08 12:39:48