УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдоор ахлуулсан УИХ, Засгийн газрын гишүүд Завхан аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн З.Нарантуяа,Эрчим хүчний сайд П.Ганхүү, БСШУСпортын дэд сайд Ё.Отгонбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон бусад албаны хүмүүс багтсан байлаа. Төр засгийн өндөрлөгүүдийн ард иргэдтэй хийх уулзалтын үеэр Завханчууд орон нутгаа хөгжүүлэхэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаа санаа нэгтэйгээр илэрхийлж чадсанаар Завхан аймгийн хөгжил дэвшилд бодит үр дүнгээ өгөх хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Завхан аймагт тулгамдаж байсан хамгийн чухал асуудлын нэг бол аймгийн төв Улиастай хотод барих дулааны цахилгаан станц. Гэтэл энэ станцийг барих эсэх нь эцэслэн шийдэгдээгүй, тодорхой бус байсан бол БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц барих 10 аймгийн тоонд Завхан аймгийг багтаахаар боллоо. Мөн аймгийн төв Улиастай сум нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсоноор Завханчуудын хөгжил дэвшил урагшлах учиртай. Өнгөрсөн жилүүдэд Тосонцэнгэл сум хүртэлх авто замыг барьж дуусгасан бол Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км замын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд энэ жил мөн үргэлжилнэ. Харин хамгийн хүнд гэгддэг Загастайн давааны 67 км замыг хатуу хучилттай болгох хөрөнгө дутагдалтай байсныг БНХАУ-ын урт хугацааны зээлийн үлдэгдэл 38 сая доллараар барихаар эцэслэн шийдвэрлэлээ. Ийнхүү зам барилгын ажил эрчимтэй хийгдсэнээр 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм. Дараагийн нэг чухал асуудал болох Тосонцэнгэл сумаас Сонгино сум хүртэлх 167 км зам буюу Увс аймагтай холбогдох хатуу хучилттай авто замыг барих нэн шаардлагатай байгааг онцгойлон анхаарахаар болсон юм.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг 8 төсөл хөтөлбөрийг Завхан аймагт хэрэгжүүлэхээр боллоо.
Ийнхүү УИХ, Засгийн газрын гишүүд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Завхан аймагт хийсэн энэ удаагийн томилолтоороо Завхан аймгийн хөгжил дэвшил, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах олон чухал асуудлыг шийдвэрлэлээ.
Б.Оюун-Эрдэнэ