АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
803 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа зориулсан ахмад буурлууддаа сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Завхан аймгийн хэмжээнд  6800 ахмад настан байгаагаас 1800 орчим нь албан байгууллагуудад харьяалалтай, харин 5000 ахмад харьяалалгүй байдаг байна. Тиймээс ямар нэгэн албан байгууллагат харьяалалгүй ахмадуудаа аймгийн удирдлагууд ХЖТеатрт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Халамжийн сангаас Завхан аймгийн 5000 ахмадад жилд 2 удаа буюу сар шинийн баяр, ахмадын баяраар хүндэтгэл үзүүлэхэд зориулж 100 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Энэ жилийн хувьд ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас гадна 65-аас дээш настай ахмадуудад жилд 2 удаа “Насны хишиг” хүртээх зэрэг төр засгийн бодлогын хүрээнд ахмадууд руугаа чиглэсэн олон чухал ажлын эхлэл болж байгаагаараа онцлогтой.

Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн удирдлагууд ийнхүү ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг өгч, үндэсний өв уламжлалыг шингээсэн урлагийн тоглолтоор бэлэг барьж байгаад ахмадууд талархаж буйгаа энэ үеэр илэрхийлж байсан юм.

 

Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайхан 90-ээс дээш настай азай буурлуудын гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-02 10:30:37