Завхан аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл хаврын улиралд 24 сумын 115 багийн 8,3 мянган малчин өрхөд 3,4 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5,3 сая мал өвөлжиж байна. Одоогоор 9 сумын 23 багийн 2308 малчин өрхийн 5710 хүн, 506.7 мянган толгой мал цагаан зудын байдалд байна. 5500 гаруй малын зүй бус хорогдол гараад байгаа юм. Хойд чиглэлийн сумдын хувьд өвөлдөө цас их ордог, улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагддаг, жил бүр өвөлжилт хүндэрдэг. Тиймээс өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байгаа МУ-ын ЗГ-ын гишүүн, шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан шуурхай бүлэг хойд чиглэлийн сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, 8 сумд ОУ-ын байгууллагуудын тусламж болон, 322 тн өвсийг үнэгүй, 200 орчим тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нэмж олголоо.
Завхан аймгийн хувьд Орон нутгийн хөгжлийн сангаас 111.1 сая төгрөг зарцуулж аймгийн аюулгүйн нөөцөд 224 тн өвс, 80 тн тэжээл бэлтгэж МУ-ын ЗГ-ын тогтоолын биелэлтийг 100 хувь хангасан. Аймгийн Засаг даргын нөөц сангаас 8.2 сая төгрөг зарцуулж нийт 2210 км замыг далпуу татаж малчдад өвс тэжээл хүргэх, төрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн, усан хангамж дутагдалтай байгаа сумдад 19ш худгийн насос, мотор авахад 26.8 сая төгрөг шийдвэрлэн худгийн үйл ажиллагааг жигдрүүлсэн гээд аймаг орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа олон ажил байгаа бол МУ-ын ЗГ, Улсын онцгой комиссоос ч Завхан аймагт нэлээд анхаарал хандуулж байгаа юм. Тухайлбал хаагдсан зам давааг онгойлгох, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулан 100 сая төгрөг, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт пургон, Их-Уул, Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвд хантер автомашин, Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэст пургон машиныг тус тус олгосон гээд МУ-ын ЗГ-ын тогтоолоор Завхан аймагт нийтдээ 722.6 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүлээд байгаа юм. Мөн 11 сумын 209 малчин өрх тус бүрт 245.000 төгрөгийн тусламж үзүүлэх юм байна.
МУ-ын ЗГ-аас олгож байгаа тусламжийн зүйлс нэн шаардлагатай ядарсан иргэдэд очиход иргэд өөрсдөө болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах, аливаа гамшиг осол тохиолдоход дээд шатны мэргэжлийн байгууллагатаа шат дараатай хандах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээллийн сантай болох, ард иргэд онцгой байдлын албаны ажлыг сайн дэмжиж хамтран ажиллах, малын өвчинтэй тэмцэхэд бүх нийтээрээ оролцох үүргийг МУ-ын ЗГ-ын гишүүн, шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өглөө.
Б.Оюун-Эрдэнэ