ЗАВХАН АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 6, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 7 ТӨРЛӨӨ
2913 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг энэ жил мал сүргээ таван толгой дээр нь өсгөн үржүүлж, оны эцэст 3 сая 406.2 мянган толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 5.3 сая мал тоолуулж нийт мал сүрэг өмнөх оноос 8,7 хувиар өслөө. Малынхаа тоо толгойг өсгөж, үүлдэр угсааг сайжруулсан зэрэг олон чухал үзүүлэлтээр малчдаа түүчээлэн төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн улсын аварга малчин 6, алтан төлийн эзэн 7, аймгийн аварга малчин 90 төрлөө. Мал аж ахуйн уламжлалт арга ажиллагаа, орчин үеийн дэвшилтэт технологийг  хослуулан хэрэглэж, мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр аймаг, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аварга малчдынхаа шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Идэр, Тэлмэн, Түдэвтэй сумдад ажиллалаа. Олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэж төр засгийнхаа хүндтэй шагналаар шагнуулсан аварга малчид аймгийн Засаг даргаас шагналаа гардаж авсандаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Улсын аварга малчны болзлыг хангасан Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин С.Бүджав гуай эрдэнэт мал сүргээ 5 толгой дээр нь өсгөн үржүүлж энэ жил 300 адуу, 9 тэмээ, 150 үхэр, 1700 хонь, 400 орчим ямаа тоолуулжээ. Тэрээр 30 орчим жил морь уяж байгаа бөгөөд аймаг, сумын наадамд жил бүр айргийн тавд хурдлуулж 2009 онд аймгийн алдарт уяач болжээ. Улсын аварга малчин С.Бүджав гурван  хүүгээ гурвууланг нь малчин болгосон байна. Бага хүү Б.Адъяа нь сумын заан цолтой бол, дунд хүү Б.Ванган сумын алдарт уяач, ууган хүү Б.Содном аймгийн начин цолтой, сумын алдарт уяач гээд аварга малчин аавынхаа залгамж халааг өвлөж явна.

Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин С.Бүджав 1998 онд сумын сайн малчин, 2011 онд аймгийн сайн малчин, 2012 онд аймгийн мөнгөн унаганы шагналыг тус тус хүрэж байсан бол ийнхүү энэ жил Улсын аварга малчин болж нутгийн түмнээ баярлууллаа.

 

2009 онд аймгийн сайн малчин болсноосоо хойш тасралтгүй жил бүр 1000-аас дээш толгой мал тоолуулж, аймгийн хошой аварга малчин  аавынхаа хүслийг биелүүлж 43 насандаа Улсын аварга малчны болзлыг хангасан Тэлмэн сумын Баянтэгш багийн залуу малчин Сандагийн Батсүх, Тосонцэнгэл сумын Идэр багаас төрсөн улсын аварга малчин Буршаагийн Баярсайхан нарын шагналыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өглөө.

Цэцэн-Уул сум энэ жил мал сүргээ 5 толгой дээр нь 9.2 хувиар өсгөж 145.156 толгой мал тоолуулсан байна.  Мянгат малчны тоо 33 болжээ.  Энэ жил тус сумаас аймгийн аварга 4 малчин төрсний нэг нь Шотой 4-р багийн малчин Дагвадорж юм. Түүний аав Вандандорж анхны мянгат малчин болж байжээ. Дагвадорж Цэцэн-Уул сумын Шотой багийн 2 дахь аймгийн аварга малчин болж байгаа юм байна. Аймгийн аварга малчны болзлыг хангасан түүнд аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг, цом, дурсгалын зүйлсийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардуулан өгсөн юм.

Харин Түдэвтэй сумаас энэ жил аймгийн аварга малчин 4, сумын аварга малчин 8, сумын алдарт уяач 5, сумын тэргүүний хадланч 1, сумын тэргүүний тохижилттой өвөлжөө 1, аймгийн шилдэг хурдан морь унаач хүүхэд 1, сумын шилдэг хурдан морь унаач хүүхэд 1, ХАА-н тэргүүний өрхийн үйлдвэрлэгч 1, мянгат малчин 11 төржээ. Тус сумын Шар нуруу багийн залуу малчин Пүрэвбазарын Чойдорж өнгөрсөн онд сумын сайн малчин болж байсан бол энэ жил амжилтаа ахиулж аймгийн аварга малчны болзлыг хангасан байна. Тэрээр Шар нуруу багаас төрж буй 5 дахь  аймгийн аварга малчин юм. Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнд энэ жил 800-аад хонь, 130 орчим адуу, 40 үхэр, 80 гаруй ямаа нийтдээ 1000 гаруй толгой мал тоолуулжээ. 

Тэлмэн сумын хувьд энэ жил мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж 161.700 толгой малтай болжээ. Тус сум улсын аварга малчин 1, аймгийн аварга малчин 5 төрүүлсэн амжилтаар тахиа жилийг угтаж байна. Энэ жил аймгийн аварга малчны болзлыг хангасан Баянтэгш багийн залуу малчин Шаравсамбуугийн Баттулга, түүний гэргий Нэргүй нар мал сүргийнхээ тоо толгойд бус, чанарт нь анхаарч байгаагаа  хэлж байлаа. Аймгийн аварга залуу малчин Ш.Баттулгынх дөнгөж 40 гарч яваа залуу малчид гэхэд уйгагүй хөдөлмөрч гэдгийг нутгийн зон нь хэлж байсан юм. Тэрээр 2013 онд сумын сайн малчин болсон бөгөөд мал сүргээ 4 төрөл дээр нь өсгөн үржүүлж  энэ жил 800 гаруй толгой малтай болжээ.

Тэлмэн сумаас шалгарсан дараагийн аймгийн аварга малчдын нэг бол 1987 онд илгээлтийн эзэн болсноосоо хойш эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэж байгаа Даваажавын Сайхансанаа юм. Тэрээр 2008 онд мянгат малчин болсон ч 2009-2010 оны зуданд нийт малынхаа 80 хувийг алдаж байжээ. Байгаль цаг уурын хатуу бэрхийг үл ажран зүтгэснийхээ үр дүнд энэ жил аймгийн аварга малчин болсон байна.

Харин Тэлмэн сумааас төрсөн алтан төлийн эзэн бол Өгөөмөр багийн залуу малчин Жанцангийн Ёндонсамбуу юм. Аймгийн сайн малчин аавынхаа залгамж халааг нэр төртэй авч яваа тэрээр 2010 онд өөрөө аймгийн сайн малчин болжээ. Алтан төлийн эзэн бол улсын аварга малчин болох хаалгыг тогшиж буй нэр хүндтэй шагнал гэдгийг энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцоллоо. Алтан хурганы эзэн Ж.Ёндонсамбуу 2000 орчим толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 800 гаруй төл хүлээж авахаар бэлтгэлээ базаажээ.

Идэр сум энэ жил мөн л мал сүргээ 5 толгой дээр нь өсгөн үржүүлж 130 орчим мянган толгой малтай болжээ. Тус сумаас улсын аварга малчин 1, алтан төлийн эзэн 1, аймгийн аварга малчин 5, аймгийн алдарт уяач 2 төрлөө. Энэ жил аймгийн аварга малчны болзлыг хангасан Мануустай багийн малчин Доржийн Баттөр 1980 онд илгээлтээр малчин болсноосоо хойш 37 дахь жилдээ мал маллаж байгаа юм байна. Түүний аав Дорж аймгийн хошой аварга малчин бөгөөд аавынхаа мал маллах ухааныг өвлөжээ. Аймгийн аварга малчин болсон Баттөрт Идэр сумын удирдлагууд мөн хүндэтгэл үзүүлж шагнал гардуулсан юм.

Идэр сумын Загастай багаас аймгийн аварга малчны болзлыг Дуламын Мөнхтогтох хангалаа. Тэрээр 2005 онд сумын сайн малчин, 2015 онд сумын манлай малчнаар шалгарч байсан бол энэ жил ийнхүү аймгийн аварга малчин болж байна. Түүний эхнэр Ц.Наранцацрал 2016 онд сумын алтан төлийн эзэн болж байжээ.

Харин энэ жил Завхан аймгаас аймгийн алдарт уяач 14 төрлөө. Идэр сумаас аймгийн алдарт уяачийн болзлыг 2 уяач хангасны нэг нь аймаг бүсийн наадамд олон жил хурдан хүлгүүдээ сойж, айраг түрүү хүртсэн уяач Цэнд-Аюушийн Дашдондов юм. Түүнд аймгийн Засаг дарга аймгийн алдарт уяачийн улаан залаат малгай, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, цомыг гардуулан өглөө. Тэрээр 1987 оноос хойш тасгалтгүй 5 насны морь уяж, 1995 онд сумын алдарт уяач болжээ. Идэр сумын удирдлагууд мөн Мануустай багаасаа төрсөн аймгийн алдарт уяач Дашдондовт хүндэтгэл үзүүлж унага бүхэн нь босоо төрж, уясан бүхэн нь түрүү магнай авахын ерөөл өргөлөө.

Завхан аймаг хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьсны үндсэн дээр орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг гадны зах зээл дээр борлуулах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ удаад улсын аварга малчдадаа Тосонцэнгэл суманд үйлдвэрлэсэн улаан халзтай өргөө цагаан гэрийг бэлэглэлээ.

Энэ жил мөн аймгийн аварга малчдадаа Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт бэлчиж буй таван хошуу эцэг малын дүрс бүхий цомыг гардуулан өгсөн нь нүдээ олсон сайхан шагнал байсан гэдгийг малчид хэлж байлаа.


Б.Оюун-Эрдэнэ

2017-03-02 13:46:52