АВАРГА МАЛЧДЫН ГЭРИЙГ АЙМАГТАА ҮЙЛДВЭРЛЭВ
1894 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Тосонцэнгэл сум модон эдлэл, төрөл бүрийн сийлбэр, хээтэй үндэсний монгол гэр үйлдвэрлэдэг уламжлалаараа улсад нэлээд дээгүүр байрт ордог. Тиймээс Завхан аймагт үйлдвэрлэсэн гэрийг энэ жил улсын аварга малчдад өгөх тухай  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд санал тавьсны дагуу Завхан аймгаас төрсөн 6 улсын аварга малчин, Говь-Алтай аймгаас төрсөн 6 улсын аварга малчны 12 гэрийг Тосонцэнгэл сумын урчууд үйлдвэрлэлээ. Завхан аймагт үйлдвэрлэсэн аварга малчдын гэр цуулбар унь, хорол тоонотой, 5 ханатай цоохор гэр гэдгээрээ онцлогтой.

 

 

Аймгийн Засаг даргын “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай” захирамжийн биелэлтийн нэг хэсэг болсон энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаагаараа давуу талтай. Ирэх жилүүдэд мөн улсын аварга малчдад өгөх гэрийг аймагтаа үйлдвэрлэхийг зорьж байгаа юм. Тосонцэнгэл сумаас гадна Их-уул, Тэлмэн, Идэр зэрэг мод ихтэй сумдад цуулбар унь, ханатай монгол гэрийг монгол аргаар үйлдвэрлэдэг технологи зөвхөн Завхан аймагт бий.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-03 14:49:24