Албан байгууллагын дарга нарын ээлжит хурлыг Улиастай сумын ЗДТГ дээр зохион байгууллаа. Хурлын эхэнд Улиастай сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Эрдэнэбаатар сумын хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхний ээлжинд 120 орчим хашааг иргэдийн оролцоотой шинэчилж өнгө үзэмжийг сайжруулах, Богдын гол багт 45 айлын хаус хороолол барих, ”Цэвэр хот-Улиастай” аяныг зохион байгуулах, “Цахим Улиастай”, “Унадаг дугуйтай Улиастай” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга С. Цэрэнсамбуу сар шинийн баярын өдрүүдийн хэв журмын нөхцөл байдлын тухай товч мэдээлэл хийлээ. Баярын өдрүүдээр иргэдээс хүлээн авсан гомдол мэдээлэл өмнөх онтой харьцуулахад энэ жил 30 хувиар буурчээ. Хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй, олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааг нутгийн захиргааны байгууллагын зүгээс дэмжиж ажилласан байна. Аймгийн хэмжээнд 142 аж ахуйн нэгжид хариуцлагатай эргүүл жижүүр үүрэг гүйцэтгэжээ.
Түүнчлэн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн товч мэдээлэл өглөө. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 159 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч, яаралтай тусламжийн тасгаар 23 хүн үйлчлүүлжээ. Нийтийг хамарсан ноцтой тохиолдол, бэртэл, гэмтэл, хордлогууд гараагүй байна. Дараагийн мэдээллийг аймгийн ХХҮГ-ын дарга М.Гүрсэд хийлээ. Тэрээр БНСУ руу ажиллах хүч гаргах, орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны бэлтгэл ажлуудыг тус тус хангаж байгааг хэллээ. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд Завхан аймгийн хэмжээнд 13.609 өрх хамрагдах бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн санг бусад бүх мэдээллийн санд холбодог учраас иргэд худал мэдээлэл өгч болохгүй гэдгийг хэлж байлаа.
Харин аймгийн Засаг даргын албан даалгавраар өнгөрсөн намар эхлүүлсэн “Цэвэр хот-Улиастай” аян 4-р сарын 1-ээс 7-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд бүх албан байгууллага, айл өрхүүд гаднах тохижилт, өнгө үзэмжиндээ онцгой анхаарч, ногоон байгууламж бий болгох ёстой. Тиймээс Улиастай сумын ЗДТГ “Сайн хашаа”, “Цэвэр хот-Улиастай” аяныг зохион байгуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга Д.Бастайхан үүрэг болголоо. Мөн өнгө үзэмжээ сайжруулаагүй албан байгууллагын дарга нарт хариуцлага тооцно гэдгээ энэ үеэр хэллээ.
“Аймгийн Засаг дарга ард иргэдээ сонсож байна” шууд нэвтрүүлэгт иргэдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагын дарга нарт өгсөн бөгөөд иргэдийн мэдээллийн мөрөөр сурвалжлага бэлтгэх үүргийг аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэд өглөө.
Мөн жолооч нарын дүрмийн мэдлэгийг сайруулах, олон нийтийн газар иргэд хог асгаж байгаа асуудал дээр онцгой анхаарч ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын даргад үүрэг болголоо.
Аймгийн Засаг дарга сумдад ажиллаж ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох үеэр төрийн үйлчилгээний хүнд суртал их, сумын нэгдмэл байдал алдагдсан, босоо удирдлагатай байгууллагуудын ажилчид сумын Засаг даргатайгаа хамтран ажиллаж чадахгүй байгаа тухай мэдээлэл их ирсэн байна. Тиймээс босоо удирдлагатай байгууллагын дарга нар ажилчдадаа сум орон нутаг, иргэдийнхээ эрх ашгийн төлөө удирдлагуудтайгаа уялдаа холбоотой, нэг баг болж хамтран ажиллах үүрэг даалгавар өгөх хэрэгтэйг санууллаа.
Завхан аймгийн зүгээс Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудад тогтмол хандаж байгаа бөгөөд үр дүнд нь Японы хүүхдийг ивээх сангаас Завхан аймгийн 9 сургуульд 12 сарын хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн энэ сарын 10-нд Тайваний эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 ш диализын аппаратыг үнэ төлбөргүй суурилуулж өгөхөөс гадна хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.
Б.Оюун-Эрдэнэ