ЭМЭГТЭЙЧҮҮД ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ ДЭЛГҮҮРТЭЙ БОЛНО
826 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Завхан аймагт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг урьж санал солилцох уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Завхан нутгийнхаа хөгжлийн төлөө эмэгтэйчүүд нэгэн дээвэр дор нэгдэж, хамтарч ажиллах ёстойг хэлээд хөгжлийн түүчээ болсон бүхий л санал санаачлагыг дэмжиж, төрийн бодлого шийдвэр болгон хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Уулзалтанд оролцсон ТББ-ууд үйл ажиллагааныхаа тухай товч мэдээлэл хийж, Завхан аймагт тулгамдаж буй асуудлуудад эмэгтэйчүүд хэрхэн оролцож, хамтран ажиллах боломжтой тухай саналаа аймгийн Засаг даргад уламжиллаа.

 

Аймгийн Засаг дарга цаашид энэхүү уулзалтанд эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага оролцох боломжтойг хэлээд уулзалтаас гарч буй саналууд 8 мянга гаруй иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулсан аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой хэмжээгээр тусгагдсан байгааг хэллээ. Түүнчлэн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөшүүрэг болох үр дүнтэй саналуудыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран эсгий, эсгий эдлэлийн сургалт, шагайн эдлэл, суран эдлэлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгалаа.

 

Мөн эмэгтэйчүүдийн байгууллагууд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар дээрээ нэгдэж, жил бүр ажлын төлөвлөгөөгөө боловсруулж ажиллах хэрэгтэй. Нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд иргэдийн ухамсрыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах ёстойг онцоллоо.

Энэхүү санал солилцох уулзалт нэг удаа болоод өнгөрөх бус ажил хэрэг болгох үүднээс Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх ТББ-ын төлөөлөлтэй хамтран хэлтэс, агентлагийн дарга нарын өргөтгөсөн хурлыг зохион байгуулахаар боллоо.  Хамгийн гол нь энэ хурал асуудал шийдэх, зөвлөлдөх уулзалт байх ёстойг хэлж байлаа.

 

Завхан аймаг ирэх 4 жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавьж, орон нутгийнхаа үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа. Энэ зорилтыг хангахад эмэгтэйчүүд манлайлан оролцож “Хамтын хүч-Хөгжлийн гарц” чуулган, үзэсгэлэн худалдааг орон нутагтаа болон УБ хотод амжилттай зохион байгуулсан юм. Тэгвэл аймгийн Засаг дарга баялаг бүтээгч эмэгтэйчүүдээ дэмжиж бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүр нээх байрны түлхүүрийг энэ үеэр гардуулан өглөө.

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-08 18:34:46