ЗАВХАН АЙМАГ БӨӨРНИЙ ГЕМОДИАЛИЗИЙН АППАРАТТАЙ БОЛЛОО
3835 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг бөөрний өвчлөл ихтэй аймгуудын тоонд ордог хэдий ч гемодиализийн аппаратгүй ганц аймаг юм. Тэгвэл Монгол-Түвдийн хорооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Тайвань улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Тайпэй эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 ширхэг гемодиализийн аппарат суурилуулж өглөө. Ингэснээр алслагдсан бүс нутгийн иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Завхан аймгийн хэмжээнд бөөрний дутагдалтай 47 хүн байгаагаас зайлшгүй гемодиализын аппаратанд орох шаардлагатай 14 хүн байгаа юм. Тэдний 7 нь аппаратандаа тогтмол орохын тулд УБ хотын иргэншилтэй болжээ. Харин 6 өвчтөн нь 7 хоногт 3 удаа УБ хотод эмчилгээнд орж байгаа бол 1 хүн Говь-Алтай аймагт эмчлүүлж байна. Тиймээс Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд тулгамдсан асуудал болох бөөрний гемодиализийн аппаратыг олгосноор олон хүнд эрүүл мэнд, айл өрхүүдэд аз жаргал бэлэглэсэн сайхан үйл ажиллагаа боллоо.

 Энэхүү гемодиализийн аппаратууд нь Япон улсад үйлдвэрлэсэн, 250 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс эмч, сувилагч, техникчээ сургалтанд хамруулж гемодиализийн тасгийг нээжээ. Дашрамд дурьдахад Завхан аймагт бөөрний гемодиализийн аппарат олгох тухай хүсэлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэгт тавсны дагуу эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

 Мөн энэ үеэр эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүр байрт ордог, эрүүл мэндийн салбараа төрийн бодлогоор хүчтэй дэмждэг Тайвань улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Тайпэй эмнэлэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй эгч дүүсийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус эмнэлгийн дэд захирал Чан Мин Суан хэлэхдээ: Тайпэй эмнэлэг нь 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсаас 300 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулаад байна. Завхан аймагтай байгуулж буй энэхүү эгч дүүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарын бүхий л асуудал дээр хамтран ажиллах боломжтой. Тухайлбал эрүүл ахуй, эрүүл мэндийн менежмент, түргэн тусламжийн асуудал, боловсон хүчин сургах, бодлогын түвшинд хамтран ажиллаж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд Тайпэй эмнэлэгтэй хамтран эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж байгаагаас гадна иргэд аймагтаа оношлогоогоо хийлгэх юм. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг Тайвань улсын Тайпэй эмнэлэгтэй эгч дүүсийн харилцаатай эмнэлэг болсноороо орон нутагтаа хийсэн шинжилгээг Тайпэй эмнэлэг рүү онлайнаар өгч, оношлогоог өндөр түвшинд хийх боломж нээгдэж байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ үеэр онцоллоо.   

Тайваны талаас Тайпэй эмнэлгийн дэд захирал Чан Мин Суан, тус эмнэлгийн олон улсын сургалтын төвийн мэргэжилтэн Сю Чин Чийх, нарийн бичгийн дарга Чин Янг Ру, бөөрний эмч Чанг Кэй Ти, биоанагаах ухааны менежер Хуанг Вэй Мин,  Монгол-Түвдийн хорооны нарийн бичгийн дарга Дунг Яа Шү зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Завхан аймагт ажиллалаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-10 17:43:08