ХИЛИЙН ЗӨРЧИЛ ЖИЛ ИРЭХ ТУСАМ БУУРЧ БАЙНА
929 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга нарын ээлжит хурал энэ 7 хоногт аймгийн ЗДТГ дээр боллоо. Хурлын эхэнд хилийн цэргийн 0277-р ангийн захирагч, дэд хурандаа Г.Баярхүү байгууллагынхаа үйл ажиллагааны тухай товч мэдээлэл хийлээ. 2016 оны 12 сарын 28-нд Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хил хамгаалах байгууллага үндсэн 10 чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм байна. Завхан аймаг ОХУ-ын Тува улсын Резин хошуутай хиллэдэг бөгөөд сүүлийн 5 жилийн судалгаагаар хилийн зөрчил харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ. Он гарсаар ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байна. Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өдөрт дунджаар 40 орчим хүн, 10 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлын мэдээллийг өглөө. Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч, үйл ажиллагаа хариуцсан захиралтайгаа Завхан аймагт ажилласан бөгөөд аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн багш”, “Оюунлаг хүүхэд“ хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаар болжээ. Мөн эдийн засгийн хөтөлбөрөө Завхан аймагт хэрэгжүүлэх тухай саналыг тус байгууллагат тавьсан байна. Энэ хөтөлбөр хэрэгжвэл ард иргэд өрхийн төсөв, хувь хүний хэрэглээ зэрэг эдийн засгийн анхан шатны суурь ойлголттой болсноор Завханчуудын өрхийн амьжиргаа дээшлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн Монол Түвдийн хорооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Тайвань улсын Тайпэй эмнэлгийн гүйцэтгэлээр Завхан аймаг бөөрний гемодиализийн аппараттай болсон тухай болон Японы “Хүүхдийн ивээх сан” Завхан аймагтай хэрхэн хамтран ажиллах тухай товч мэдээлэл өглөө. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн баярын өдрүүдийг тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Тухайлбал аймгийн Засаг дарга эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг урьж санал солилцох уулзалт зохион байгуулсан бол энэ удаад “Эв нэгдэл амжилтын эхлэл” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болж байгааг дуулгалаа. Энэ чуулганаар орон нутгийн бизнесийн салбарыг нуруундаа үүрч яваа эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, гарцыг тодорхойлсон олон чухал шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цэргийн алба хааж байгаа 250 гаруй иргэнээ эргэх үйл ажиллагааг мөн зохион байгуулах юм.

 

Хурлын төгсгөлд аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд мэдээлэл хийлээ. Тэрээр аймгийн уулархаг хэсгээр цасан бүрхүүлтэй, тал газартаа цас хайлж байгаа учраас шар усны үер бууж болзошгүйг анхаарууллаа. Ард иргэд хөдөө орон нутагт зорчихдоо машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, багаж хэрэгсэлтэй явах хэрэгтэйг онцоллоо. Учир нь сүүлийн 10 гаруй хоногт л гэхэд аймгийн ОБГазарт 20 гаруй дуудлага иржээ. Мөн Завхан аймаг малын гоц халдварт өвчингүй байгаа энэ нөхцөл байдлаа хадгалж үлдэхийн тулд ОБГазраас зохион байгуулж байгаа 2 сарын хугацаатай аянд албан байгууллагын дарга, ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

 

Албан байгууллагын дарга нарын дараагийн хурлыг аймгийн Цагдаагийн газар зохион байгуулахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-14 12:55:35