ЗАВХАН АЙМАГТ МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРААГҮЙ
1502 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөрш зэргэлдээ аймгуудад бог малын мялзан, цэцэг зэрэг өвчин ихээр гарч байгаа ч Завхан аймгийн хувьд мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй байгаа юм.  Бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан биелэлтийг ханган ажиллаж байна. Мөн МУ-ын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх малын өвчлөлгүй байгаа энэ байдлаа хадгалахын тулд тодорхой арга хэмжээ авах тухай үүрэг чиглэл өгсний  дагуу аймгийн Онцгой байдлын газраас “Завхан аймаг малын халдварт өвчингүй аймаг байхын төлөө” гэсэн уриалга гарган 2 сарын хугацаатай аян зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд ард иргэдэд мэдээлэл өгөх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалтууд зохион байгуулах юм байна.

Харин аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зэргэлдээ өвчин гарсан аймгийн мал эмнэлгийн албатай болон өөрийн аймгийн 24 сумын Мал эмнэлэг үржлийн тасагтай мэдээлэл солилцон ажиллаж, өвчтэй, сэжигтэй тохиолдлын мэдээг мал эмнэлгийн албаны 98846446 дугаарын утсаар хүлээн авах хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байгаа юм. Одоогоор бог малын цэцэг, мялзан өвчний шинж тэмдэг аймгийн хэмжээнд мэдээлэгдээгүй байна. Тиймээс Завхан аймгийн мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний борлуулалт харьцангуй сайн байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-14 13:10:01