Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа хийж үндсэн 3 асуудал хэлэлцлээ. Эхлээд хамтын удирдлагын байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа. Үүний дараа ТАЗсЗөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийн бичгийн дарга П.Мөнхзаяа танилцуулж, зөвлөлийн гишүүд хэлэлцэн баталсан юм. Энэ онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, гүйцэтгэлийн удирдлагын хүрээнд 3 ажил үйлчилгээ, төрийн албаны хүний нөөцийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийн хүрээнд 4 ажил үйлчилгээ, төрийн захиргааны хөгжлийн бодлого, удирдлага, мэдэллийн тогтолцооны хүрээнд 5 ажил үйлчилгээ, хуулийн хэрэгжилтийн мониторинг-үнэлгээ, хяналт шалтгалын хүрээнд 5 ажил үйлчилгээ, дотоод зохион байгуулалт, чадавхийг бэхжүүлэхэд 11 ажил үйлчилгээг хийхээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөнд олон шинэлэг ажлыг хийхээр тусгасан байна.
Хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал бол төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Ургамал сумын ЕБС, Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Их-Уул сумын ЕБС, Нөмрөг сумын ЕБС, Шилүүстэй сумын ЕБС, Сантмаргаз сумын ЕБС, Улиастай сумын 8-р цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцүүлж, дүгнэлтийг аймгийн Засаг даргад уламжиллаа. Сонгон шалгаруулалтаар 12 ажлын байранд 23 хүн өрсөлдсөн хэдий ч 10 хүн тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалтанд бэлтгэх асуудал хангалтгүй байгаа гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүх шалталтыг цахимаар авч, танхимын гадна байгаа иргэд камераар хянах боломжийг бүрдүүлж ажилласан байна.
Б.Оюун-Эрдэнэ