ЗАВХАН АЙМАГТ ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН 2 ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2582 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн 129 улсад хүүхдийн сайн сайхны төлөө үйлчилдэг Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр нь өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн манай аймгийн 8 сумын малчид болон малчдын хүүхдүүдэд туслах зорилгоор 2 төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгчид төслүүдийнхээ талаар мэдээлэл өгч, аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эхний төсөл болох “Өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчин өрхүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд малчдад хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, амьжиргааг дэмжих чиглэлээр Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумын зорилтот бүлгийн, шалгуурт нийцсэн 672 малчин өрхөд 120 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн багц болон 180 гаруй мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, нийтдээ өрх тус бүрт 300 орчим мянган төгрөгийн  тусламж үзүүлэх юм.

 “Өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчин өрхүүдийг дэмжих нь” төсөл нэг сарын хугацаатай хэрэжиж энэ оны  4 сарын 4-нд дуусах бол 2 дахь төсөл болох “Зуданд нэрвэгдсэн хүүхдүүдэд  боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь” төсөл 1 жилийн хугацаатай хэрэгжих юм. Зудын сөрөг нөлөөллийн улмаас малчдын хүүхдүүд аюулгүй, хүүхдэд ээлтэй дотуур байрны орчинд хичээллэж чадахгүй, сургууль бүр гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөтэй хэдий ч сургууль дээр гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа хангалтгүй хэрэгждэгээс хүүхдүүд гамшгийн үед бэлтгэгдээгүй, эмзэг хэвээр үлдэж байгаа юм. Тиймээс малчдын хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн энэхүү төслийг Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Завханмандал гэсэн 8 сумын 9 ЕБС-д хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 9000 орчим хүүхдэд туслах юм байна.

Зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, цаашдын чадавхийг хөгжүүлэх зорилготой энэхүү төсөл 2018 оны 2 сарын 28 хүртэл яаралтай тусламжийн үе, эрт үеийн сэргээн босголт гэсэн 2 үе шаттай хэрэгжих юм.  Энэ оны 6 сар хүртэл эхний шат нь үргэлжлэх бөгөөд малчдын хичээл завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт явуулахаас гадна, сургуулийн орчинд халаалт, унаа тээвэр, ус, цэвэр ахуй, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлэх юм байна. Харин 2 дахь үе шатын хугацаанд сурлагын хоцрогдолтой хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт явуулж боловсролын зүйлсээр дэмжихээс гадна гамшгийн эрсдлийг бууруулах, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалт, тэтгэлэг, дадлага сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Японы Хүүхдийг Ивээн Сан Завхан аймгаас уламжилсан саналыг хүлээн авч, цаг үеэ олсон чухал төслүүдийг хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа аймгийн Засаг дарга энэ үеэр илэрхийллээ.

Ийнхүү Хүүхдийг ивээх сангийн Япон Платформ байгууллагын санхүүжилтээр Завхан аймагт  хэрэгжих 2 төсөл дээр Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ, ОБГ, ГБХЗХГазрууд тус тусын  чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Одоогоор Японы хүүхдийг ивээх сангийн төслийн багийнхан 3 баг болж сумдад ажиллаж байна. Өвөлжилт хаваржилт хүндэрч буй сумдын малчин өрхүүдийг дэмжих, малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эдгээр төслүүд нэлээд үр дүнгээ өгнө гэж харж байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-03-15 10:54:26