ЗАВХАН АЙМАГ МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРАА ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ
1932 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг ирэх 4 жилд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг руу шилжих томоохон зорилт тавиад байгаа юм. Тэгвэл орон нутгийн хөгжлийн үндсэн салбар болох мал ахуй, газар тариалангийн салбараа түшиглэн үйлдвэрлэлээ хөгжүүлэх гарц бий. Тиймээс энэ жилийн аймгийн “Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн” болон “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-д нэлээн ач холбогдол өгч зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн онд дээрх салбаруудад хийсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг олон чухал асуудлыг хэлэлцлээ. Завхан аймагт өнгөрсөн жил Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл хэрэгжиж 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бол бүх сумд хээлтүүлэгч малыг аттестатчилах ажлыг зохион байгуулсан, шинээр 4,1 мянган хээлтүүлэгч сонгон тавьсан гээд багагүй ажлыг хийсэн байна. Тэгвэл ирэх 4 жилд мал ахуйн салбараа хөгжүүлэх хэд хэдэн томоохон зорилт тавьж байгаа юм. Тухайлбал, мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчний залгамж халааг бэлтгэж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, МАА-н усан хангамжийг нэмэгдүүлж, бэлчээр ашиглалтыг сайжруулах, мөн МАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр малчдын ашиг орлого ч нэмэгдэнэ гэж харж байгаа юм. Энэ жилийн зөвлөгөөнд 24 сумын 140 орчим хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн оролцлоо.

 

Манай аймаг 2016 онд 2317,2 тн төмс, 1269,4 тн хүнсний ногоо хураан авсан нь хүн амынхаа хэрэгцээт төмсний 69,5 хувь, хүнсний ногооны 26,6 хувийг хангажээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд аймгийн хэмжээнд  төмс 245.0 га, хүнсний ногоо 121.0 га, үр тариа 1100.0 га, малын тэжээлийн ургамал 800.0 гад-д тариалалт хийж төмс 2695 тн, хүнсний ногоо 1512.5 тн, үр тариа 1430 тн, малын тэжээл 1600 тн-ыг тус тус хураан авах зорилт дэвшүүлээд байна. Тэгвэл ирэх 4 жилд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс хүнсний ногооны 70-аас доошгүй хувийг орон нутагтаа үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд экспортлох боломжтой гурилын үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр хэлэхдээ: Бид таамгийн эдийн засгаас тооцооллын эдийн засаг руу шилжих ёстой. Завхан аймгийн зүгээс ОХУ, БНСУ, БНХАУ, ХБНГУ зэрэг орнуудад тодорхой саналуудыг тавьсан байгаа. Харин БНХАУ-ын зах зээл дээр ямар нэгэн бордоо хэрэглээгүй, натураль хөрсөнд ургасан үр тариагаар үйлдвэрлэсэн гурил эрэлт хэрэгцээ ихтэй байгаа учраас Завхан аймагт үр тариа тариалж, түүгээрээ экспортын гурилын үйлдвэр байгуулахаар хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Эхний ээлжинд Тэс, Асгат сумын нутагт тариалалт хийж сайн ургавал ирэх жилээс 10.000 га-д, цаашлаад 30 орчим мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөж байна. Энэ ажил хэрэгжвэл Завхан аймагт олон ажлын байр бий болохоос гадна газар тариалан хөгжихөд томоохон дэмжлэг болж, гадны дэвшилтэт технологийг орон нутагтаа нэвтрүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг дээшлүүлэх, газар тариаланг тогтвортой, эрчимтэй, үр ашигтай салбар болгон хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүдийг ч эхнээс нь шийдвэрлээд байна. Тухайлбал төмс, хүнсний ногоог технологийн дагуу хадгалах зоорины хангамжийг нэмэгдүүлэх замаар аймгийн хүн амын хэрэгцээт төмс, хүнсний ногоог дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгоор Улиастай суманд 250 тн-ын багтаамж бүхий механикжсан зоорь барих ажлыг эхлүүлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд байна. Мөн Завханы улаан хальст сармисны үрийн хангамжийг нэмэгдүүлэх, тариалах талбай, хураан авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор үрийг технологийн дагуу хадгалах зоорь барих хөрөнгийг мөн шийдвэрлээд байгаа юм.

Өнөөдөр Завхан аймгийн тариаланчид зөвхөн өрхийн түвшинд ажиллаж байгаа бол цаашид зах зээлийн судалгаан дээр суурилсан өргөн зэх зээлд үйл ажиллагаагаа явуулах ёстой юм. Тиймээс Завхан аймгийн хөгжлийн үндсэн салбар болох мал аж ахуйгаас гадна газар тариалангийн салбараа ч хослуулан хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

 

 

 

2017-03-19 18:02:13