Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123, Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 340, Увс аймагт байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 6 заставт ажиллаж Завхан аймгаас цэргийн алба хааж буй 250 цэрэг дайчдаа эргэлээ. Энэ үеэр сар шинийн золголтын үйл ажиллагааг зохион байгуулж аймгийн Засаг дарга өөрийн гарын бэлэг болон ар гэрээс нь явуулсан бэлэг, захидал зэргийг гардуулан өглөө. Мөн цэрэг эрсийнхээ санал сэтгэгдэлийг сонсож, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай нь танилцсанаас гадна уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ.
Манай аймгийн цэрэг дайчид албаа хаах өндөр сэтгэл зүйтэй байгаагаас гадна хил хамгаалах үйл ажиллагаанд нэр төртэй оролцож байгаа гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангагджээ. Энэхүү цэрэг эргэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаад цэрэг дайчид төдийгүй анги байгууллагын удирдлагууд ихээхэн сайшааж, цаг агаарын хүнд нөхцөлд бэрхшээл саадыг үл харгалзан, эх орны торгон хилд үүргээ гүйцэтгэж буй нутгийн хүүгээ эргэж байгаад орон нутгийн удирдлагад гүнээ талархаж буйгаа удаа дараа илэрхийлж байлаа.
Аймгийн Засаг даргын зүгээс анги салбарын бүтээн байгуулалт, цэргийн албан хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах талаар хийж байгаа ажилд дэмжлэг болгон ангид 300,000, заставт 100,000 төгрөгийг хандивлалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Нэмэхбаяр, мэргэжилтэн дэд хурандаа Ц.Нацагдорж, хошууч Г.Бавуудорж болон урлагийн баг ажиллалаа.