ЗАВХАН АЙМАГ “ITM-2018” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮНШ АЙМГААР ШАЛГАРЛАА
1068 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Байгууллагын дарга нарын ээлжит хурал өнөөдөр МБУГС-тай “Дэвшил” бүрэн дунд сургууль дээр болж аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ,  албан байгууллагын дарга, удирдлагууд шат шатандаа төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг алхам тутамдаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Хэрвээ хууль зөрчсөн тохиолдол гарвал тухайн цаг үед нь нэн даруй засч залруулахгүй бол эцсийн дүндээ томоохон сөрөг үр дагавар үүсдгийн тод жишээ Завхан аймагт гарлаа. Өөрөөр хэлбэл 2015 онд Идэр сумын удирдлагууд хууль зөрчсөнөөс нэгэн эрдэнэт хүн амь насаа алдсанд юуны түрүүнд харамсаж буйгаа илэрхийллээ.

 

Ингээд аймгийн Засаг дарга цаг үеийн онцлох асуудлуудаар товч мэдээлэл өглөө. Үүнд, Арц суурийн боомтын харилцааг өргөжүүлж, өртөг багатай шатахуун оруулж ирэх асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгааг хэллээ. Мөн Азийн хөгжлийн банкны 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 5 сумын дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжихээр болсон байна. Түүнчлэн алслагдсан бүс нутгийг холбоожуулах ажил дээр ч анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Аймгийн Засаг дарга 3 сарын 28-аас 4 хоногийн хугацаанд УБ хотод ажиллах хугацаандаа Завхан аймгийг УБ хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлынхаа талаар Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яаман дээр уулзалтууд хийсэн байна. Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км замын ажил 4 сарын 15-аас эхлэх бол харин Загастайн давааны 67 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн хөрөнгө болох 25 сая доллараар гүйцэтгэхээр яригдаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Эгзим банк Сангийн яамтай гэрээ байгуулах ёстой. Гэвч гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Шанхай констракшин компани дээрх хөрөнгийг ажил гүйцэтгэхэд хангалтгүй гэж үзсэн байна. Тиймээс энэ 7 хоногт тус компани болон БНХАУ-ын Эгзим банк, Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллах юм байна.

 

Мөн “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд бүх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан сургалт болон аттестатчилах ажлыг ойрын өдрүүдэд зохион байгуулж байна. Цаашлаад эмч нараа Хөх хотод сургах боломж байгааг ч хэллээ. Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн Япон, Солонгос улсад ажиллах үеэрээ БНСУ-ын Пусан хотын эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тиймээс “Сайн эмч” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, БНСУ, Тайвань зэрэг улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл хийхийг зорьж байгаа юм.

Мөн тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор 4 сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулж буй Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн 150 багш, удирдах ажилтанд зориулсан сургалт “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа гэдгийг хэллээ.

 

Жил бүрийн аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлдог томоохон үйл ажиллагаа болох “ITM-2017” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Завхан аймаг амжилттай оролцсон байна. Энэ үеэр аймгийнхаа аялал жуулчлалын бодлого чиглэл болон 7-р сарын 23, 24-ны өдрүүдэд болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-аа танилцуулснаар 2017, 2018 оны албан ёсны бизнесийн түнш аймгаар шалгарчээ.  Өөрөөр хэлбэл том хариуцлага ирж байгаа учраас энэ наадмыг өндөр түвшинд, маш сайн зохион байгуулахад албан байгууллага бүр төлөвлөгөө гарган хамтран ажиллаж, хүн бүр зүтгэх ёстойг онцоллоо.

УБ хотод 3 хүнийг эсгий эдлэлийн сургалтанд хамруулсан байна. Тэд багштайгаа хамтран 4 сарын 4-өөс эхлэн 7-14 хоногийн хугацаанд сургалт зохион байгуулж,  24 сумаас нэг нэг хүнийг бэлтгэхээр төлөвлөжээ.  Ингэснээр хонины ноосоо боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно гэдгийг хэлж байлаа. Мөн тун удахгүй Завхан аймгийн гар урчуудын бүтээгдэхүүнийг борлуулдаг дэлгүүр нээгдэх гэж байна. Зөвхөн дэлгүүр нээгээд зогсохгүй сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг үйлчилгээний төвтэй болох юм. Тиймээс албан байгууллагын дарга, удирдлагууд гадна, дотноос ирсэн зочид төлөөлөгчдөдөө үзүүлдэг нэг маршрут нь энэ дэлгүүр байх тал дээр анхаарлаа хандуулж, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллахыг хүслээ.

 

Аймгийн Засаг дарга албан байгууллагын дарга нарт эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах, иргэдтэйгээ ойр ажиллах үүргийг өглөө. Мөн бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг “Ногоон Улиастай” хөтөлбөртэй уялдуулан хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар байгууллага бүр төлөвлөгөө гаргаж 4 сарын 25-ны дотор Улиастай сумын ЗДТГ-т хүргүүлэхийг үүрэг болголоо. 

 

 МБУГС-тай Дэвшил бүрэн дунд сургуулийн 20 жилийн ойн хүрээнд 4-р сарын 8-нд тус сургуулийн сурагчид, 4-р сарын 22-нд багш нар хандивын тоглолт хийх тул байгууллага бүр боломжоороо дэмжин хамтран ажиллахыг аймгийн Засаг дарга энэ үеэр уриаллаа.

Мөн 4 сарын 7, 8-ны Баасан, Бямба гарагуудад бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахыг Улиастай сумын Засаг дарга, түүний Тамгын газар, албан байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

 

2017-04-03 15:57:19