Албан байгууллагын дарга эрхлэгч нарын хурал аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Эхлээд Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс “Стандарттай Завхан” хөтөлбөрийн тухай мэдээлэл өглөө. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэхүү хөтөлбөр нь орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг бий болгох зорилготой юм.
Үүний дараа “Цагаан сээр” ХХК-иас хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн юм. 2015 онд батлагдсан журмын дагуу албан байгууллагын дарга эрхлэгч, ажил олгогчид ажилчдынхаа аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, соёл, дадал хэвшүүлэх талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах асуудлыг хариуцах ёстой. “Цагаан сээр” ХХК нь 2016 онд ХАБЭА-н танхим нээсэн бөгөөд энэ танхимаа түшиглэн 4 төрлийн сургалт зохион байгуулах эрх авсан байна. Сургалт зохион байгуулах журам, сургалтын төлөвлөгөөнийхөө тухай энэ 7 хоногоос эхлэн албан байгууллагууд дээр очиж мэдээлэл хийх тул хамтран ажиллахыг хүслээ.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх тухай тогтоол болон аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Наркологийн тасагтай хамтран зохион байгуулж буй сургалтынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэхүү сургалтанд байгууллагуудаас хамрагдаж байгаа хүний тоо хангалтгүй байгаа учраас албан хаагчдаа оролцуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан бүх нийтийн цэвэрлэгээний талаар Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ тухай албан бичгийг 78 аж ахуйн нэгж байгууллагат хүргүүлсэн бөгөөд бүх байгууллага оролцсон байна. Цаашид сар бүрийн сүүлийн 7 хоногийн Баасан гарагийн 14:00 цагт бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай уриалга гаргаж, албан байгууллагын удирдлагууд 100 хувийн саналаар дэмжлээ.
Хамгийн сүүлд аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ хавар зохион байгуулах томоохон ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Улиастай хотын зам засварын ажил эхэлж байгаа бөгөөд энэ жил орон нутгийн замын сангийн санхүүжилтээр 1 км замыг орчин үеийн технологиор барихаар тендер нь зарлагдаж байгаа юм байна. Хатуу хучилттай зам дагасан тоосжилт ихтэй байгаа учраас Хот тохижилт үйлчилгээний алба цэвэрлэгээ үйлчилгээг сайн хийх, байгууллага бүр орчин тойрноо цэвэр байлгах хэрэгтэйг санууллаа. Мөн “Ногоон Улиастай” аянд байгууллагууд хэрхэн оролцож, хамтран ажиллах талаар Улиастай сумын ЗДТГ-т саналаа хүргүүлэхээс гадна айл өрхүүд ч санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо. Харин “Сайн хашаа” хөтөлбөрийг гудамж, байраараа нэгдэж нэг зохион байгуулалтанд орж чадсан айл өрхүүдээс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд зардлын 50 хувийг нь төр, 50 хувийг нь иргэд өөрсдөө гаргах юм.
Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Завхан, Архангай, Хөвсгөл аймгуудын багш нарт зориулсан сургалт өнгөрсөн 7 хоногт болсон бөгөөд цаашид тогтвортой хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах түшиц аймгаар Завхан аймаг сонгогдсон байна.
Баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор нээсэн “Хамтын хүч-Хөгжлийн гарц” төвөөр байгууллагын дарга нар гадна дотноос ирсэн зочид төлөөлөгчдөө заавал оруулдаг байх, энэ төвөөс бэлэг дурсгалын зүйлсээ авч өгч хэвших хэрэгтэй. Ингэснээр албан байгууллагын удирдлагууд нутгийнхаа хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулаад зогсохгүй, Завхан аймгийн менежер болно гэдгийг аймгийн Засаг дарга мөн энэ үеэр онцоллоо.
7-р сарын 23-25-ны өдрүүдэд болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах 11 салбар хороо байгуулсан бөгөөд салбар хороо бүр 4 сарын 12 гэхэд төлөвлөгөөгөө бэлэн болгохыг үүрэг болголоо.
Орхон аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 4 сарын 7-ны өдрөөс эхлэн манай аймагт ажиллаж байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Завхан аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 11-нд Ховд аймагт болох Эрчим хүчний үр ашиг төслийн уулзалт болон, 4-р сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт болох Баруун бүс нутгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих төслийн зөвлөгөөнд оролцох юм байна. Мөн 4 сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотод болж буй бүх Оросын аялал жуулчлалын үзэсгэлэнд Завхан аймгаас 3 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгааг хэллээ.
Хурлын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн улсын тэргүүний Жавхлант цогцолбор сургуулийн захирлаар н.Аюурзана томилогдсоныг дуулгаж, ажлын амжилт хүслээ.
Б.Оюун-Эрдэнэ