Завхан аймагт 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд ХАА-н салбарт бодит үр дүнгээ өгсөн олон томоохон ажлууд хийгдээд байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 38 дэд төсөл хэрэгжиж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгвэл энэ удаад төслийн хүрээнд Отгон, Яруу, Цэцэн-Уул сумын Мал эмнэлэг үржлийн тасаг болон эдгээр сумдын хувийн мал эмнэлэг үржлийн нэгжид 11 мотоцикль олголоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Баяртулга, мөн яамны МАА-н бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Л.Чой-Иш, аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, төслийн менежер н.Эрдэнэчимэг, аймгийн ХХААГ-ын дарга Б.Солонго оролцон үг хэллээ. Мөн сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, нэгжийн төлөөлөл, ард иргэд оролцсон юм.
Ийнхүү 3 сумын МЭҮТ болон нэгжүүд мотоцикльтой болсноор иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, малын чанар ашиг шимийг дээшлүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна хүнсний ногоо тариалах, арчлах, хураах зэрэг ажил ихтэй үедээ ашиглах олон ач холбогдолтой юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжүүлснээр хоршоод цаашид үйл ажиллагаагаа бие даан явуулах өөрийн гэсэн техник тоног төхөөрөмжтэй болж, парк шинэчлэл хийсэн байна. Мөн сум орон нутгаас дэмжлэг үзүүлж хоршоод өөрийн гэсэн сэлгээний газартай болжээ. Отгон суманд л гэхэд газар тариалан эрхэлдэггүй учраас төмс хүнсний ногоог гадны зах зээлээс худалдан авдаг байсан бол энэ төсөлд хамрагдсан хоршоод хангайн өндөрлөг бүсэд тохирсон технологиор орон нутгийн нутагшсан сорт бүхий тарималын үртэй болж, газар тариалан эрхлэн, зах зээлд өөрсдийн байр суурийг эзэлсэн байна. Харин малын эрүүл мэнд дэд төслийн хүрээнд мал эмнэлгийн ажил үйлчилгээнд шаардлагатай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан 55 нэр төрлийн багаж хэрэгслийг нийлүүлжээ. Мөн төсөлд хамрагдсан сумдын бог малын чанар сайжирч, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо хэвийн хэмжээнд хүрсэн байна. Манай аймгийн цөм сүргийн нийт малаас Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа 514.2 мянган толгойд хүрч өсчээ.
Энэ мэтээр ХАА-н маркетинг төсөл Завхан аймагт хэрэгжсэнээр малчид шилмэл хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг тогтолцоо бүрдэж, улмаар малын чанар сайжирч, малчдын орлого нэмэгдсэнээс гадна Завхан буурал омгийн ямааг үүлдэр болгож, ОУ-ын генийн санд бүртгүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ