АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЛАА
1817 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ удаагийн албан байгууллагын дарга нарын хурал аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж эхлээд “Мерси кор” ОУБ-аас үйл ажиллагааныхаа тухай болон “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хөтөлбөр нь Завхан аймагт 2019 он хүртэл хэрэгжих юм байна. Үүний дараа Улиастай сумын ИТХ-аас “Хууль ба иргэн” төслийн тухай танилцууллаа. Цахим засаглалаар дамжуулан хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт явуулах бөгөөд ард иргэд, албан байгууллагууд идэвхтэй саналаа өгч хамтран ажиллахыг хүслээ.

 

Мөн аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа хэд хэдэн мэдээлэл өглөө. Үүнд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 4 сумд хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд түүврийн судалгааны аргаар сонгогдсон нэг, нэг хүн УБ хотод болох хэлэлцүүлэгт оролцох юм байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд  тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг зохион байгуулах, Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор байгууллагууд дээр шалгалт хийх, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой өргөдөл, гомдол, санал авах хайрцаг ажиллуулах ажлын хэрэгжилтийг ч мөн шалгана гэдгийг хэллээ. Хамгийн гол нь байгууллага бүр ХАБ-ын сарын аяыг үр дүнтэй зохион байгуулах ёстойг онцоллоо. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Завхан аймагт хэрэгжих “Start up” хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хийлээ.

Харин энэ 7 хоногт болох онцлох үйл явдлын талаар аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн мэдээлэл өгсөн юм. Энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монголын хөл бөмбөгийн холбоо аймгийн Хөл бөмбөгийн холбоотой хамтран Идэрчүүдийн 15, 17 насны УАШТ-ны баруун бүсийн урьдчилсан шатны тэмцэээнийг Завхан аймагт зохион байгуулна. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоо манай аймагт стандартын шаардлагад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулж өгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн НҮБ-ийн Хүүхдийн сангаас 5 жилийн хугацаатай төслийг Завхан аймагт хэрэгжүүлэх бөгөөд ажлын хэсгийнхэн энэ сарын 21-нд ирж ажиллах юм байна.

Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгэ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Зөвлөн туслах 2 баг 24 сумд ажиллаж байгаа бөгөөд 4-р сарын 23-аас хойш Улиастай сумын албан байгууллагууд дээр ажиллана гэдгийг дуулгалаа. Мөн төрийн жинхэнэ албаны удирдан албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд 8 иргэн сорилын шалгалтанд тэнцээгүй. Энэ нь шалгалтанд орж буй иргэдийн бэлтгэл муу байна гэдгийг хэлж байлаа.  Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл өгч, албан байгууллагууд төрийн албаны шалгалтанд ороогүй, тангараг өргөөгүй иргэдийг ажилд авсан зөрчил дутагдал илэрч байгааг хэлээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ажлын байрын захиалгаа заавал ирүүлж, хууль хэрэгжүүлж ажиллах ёстойг онцгойлон анхаарууллаа.

 

Хурлын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Болортуяа жирэмсэн амаржсаны амралтаа авсантай холбогдуулан тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Уламбаярын Батдаваа томилогдсоныг дуулгалаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-04-20 16:40:39