Завхан аймаг ирэх жилүүдэд хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд хонины ноосоороо баялаг бүтээхээр эхний ээлжинд Улаанбаатар хотод 3 эмэгтэйг эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамруулсан бол энэ удаад 24 сумын бүсгүйчүүдийн төлөөлөл болох 29 хүнд сургалт зохион байгууллаа. Сургалтыг урилгаар “Цагаан солонго” ХХК-ийн захирал, сургагч багш О.Эрдэнэчимэг Улаанбаатар хотоос ирж явууллаа. Сум сумаа төлөөлж ирсэн бүсгүйчүүд сургалтын 10 хоногийн хугацаанд ширмэл ширдэг, аравч, олбог гээд хүн бүр 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн хийх технологийг сурч, бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа.
Сургалтанд хамрагдсан бүсгүйчүүд мөн өөр өөрийн сумынхаа иргэдэд сургалтаа шат дараатайгаар зохион байгуулна. Ингэснээр малчид үнэ багатай байгаа хонины ноосоороо баялаг бүтээж, өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бүрдэнэ гэж харж байгаа юм. Бүсгүйчүүд ч цаг үеэ олсон чухал үйл ажиллагаа зохион байгуулсанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Эсгий урлалын бүтээлүүдийг Улаанбаатар хот дахь “Бизнесийг дэмжих нэгж”-ээрээ дамжуулан борлуулах зэргээр аймаг орон нутгийн зүгээс ч боломжоороо дэмжин ажиллана гэдгээ аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа хэллээ. Түүнчлэн энэ оны 7-р сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймагт болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үеэр гадна дотны зочид төлөөлөгчдийн худалдан авах бэлэг дурсгалд эсгий урлалын бүтээлүүд зүй ёсоор багтана гэдгийг онцоллоо.
Ийнхүү үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд манлайлан оролцож эсгий урлалын мэргэжлийн ур чадвар олгох эхний сургалтаа амжилттай зохион байгууллаа.
Б.Оюун-Эрдэнэ