Өнөөдөр Улиастай хотын Спорт цогцолборт МХБХ-ны “Идэрчүүдийн 15, 17 насны Улсын аварга шалгуурлах тэмцээний баруун бүсийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Орон нутгийн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг Завхан, Говьсүмбэр, Орхон аймагт ийнхүү нэгэн зэрэг эхлүүлээд байна. Энэхүү тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуучуудад хөлбөмбөгийн хөгжлийг хүргэх, аймгуудын шигшээ багийн дунд спортын шударга өрсөлдөөнийг бий болгох, орон нутгийн төр захиргааны болон бусад байгууллагууд хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгох зорилготой юм. Тэмцээнд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Архангай, Баянхонгор аймгийн 200 гаруй тамирчид, багш дасгалжуулагчид оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн техникийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга, Завхан аймгийн хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч Л.Лхамсүрэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Энхбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа болон бусад албаны хүмүүс, ард иргэд оролцлоо. Энэ үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос Завхан аймагт стандартын шаардлагад нийцсэн, орчин үеийн хөлбөмбөгийн талбай байгуулж өгөх тухай мэдээллийг дуулгалаа.
Тэмцээнийг МХБХ-оос томилогдсон “Тэмцээн зохион байгуулах комисс” удирдах бөгөөд ОУ-ын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны тоглолтын дүрэм, Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны болон Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Тэмцээн зохион байгуулах журам”, “Сахилга бат, ёс зүйн түр дүрэм”-ийг тус тус удирдлага болгон зохион байгуулах юм. Шүүгчдээр Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн техникийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, шүүгч Р.Жаргалсайхан, Б.Цогбадрах, Г.Давхарбаяр, Г.Тэгшжаргал, Н.Буян-Өлзий, Т.Отгонбаяр нар ажиллах юм байна. “Идэрчүүдийн 15, 17 насны Улсын аварга шалгуурлах тэмцээн"-ий баруун бүсийн тэмцээн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
Б.Оюун-Эрдэнэ