НҮБ-ЫН “ХҮҮХДИЙН САН”-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
945 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ирэх 5 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Завхан аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжих юм. Энэ хүрээнд орон нутаг дахь нөхцөл байдалтай танилцах, судалгаа хийх, Завхан аймгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа. Хөтөлбөр хэрэгжих 2017-2021 онд усан хангамжийн ариун цэвэр, хоол тэжээлийн байдлыг сайжруулах,  боловсролын чанарыг дээшлүүлэх, бага насны хүүхдийн хөгжилд анхаарч ажиллах, хүүхдийн хамгаалах, хамгаалуулах эрхийг хангахын төлөө ажиллах юм. Ажлын хэсгийнхэн аймгийн удирдлагууд болон зорилтот салбарынхаа удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулснаас гадна санхүүгийн сургалт, хамтран ажиллах байгууллагуудын санхүүгийн чадавхийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгууллаа. Мөн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Завхан аймаг 70.9 мянган хүн амтай. Үүнээс 26.377 буюу 37.2 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Хүүхдийн хөгжлийн асуудал дээр нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал ирэх 4 жилийн хөтөлбөртөө “Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавьсан бөгөөд энэ  хүрээндээ хүүхдийг хөгжлүүлэх, орчныг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байлгахад нь чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын нэг хэсэг нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бол  нөгөө хэсгийг олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулна гэдгийг аймгийн Засаг дарга энэ үеэр хэлж байлаа. Мөн аймгийн Засаг дарга  2017 оны анхны албан даалгавраа хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргасан. Гэвч хүүхэд нэг бүрийн эрхийг хангах, хамгаалах, ирээдүйдээ итгэл төгс байлгахад нь анхаарах хэрэгцээ шаардлага, шалтгаан нөхцөл цөөнгүй бий. Тиймээс хүүхдэд ээлтэй аймаг болох, цаашлаад хүндээ, ирээдүйдээ ээлтэй аймаг болох хөрс суурийг тавихад энэхүү “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр ихээхэн үр дүнгээ өгнө гэж харж байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сан нь 192 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 5 аймаг, 2 дүүрэгт хэрэгжүүлж, салбар тус бүрт ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ гэдгийг хэлж байлаа. Мөн хувийн хэвшил, их дээд сургуулиуд, иргэний нийгмийн байгууллагуудтай ч хамтран ажиллах юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-04-24 15:17:58