Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж эхний мэдээллийг “Богдын голын УЦС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Улам-Оргих өглөө. Энэ жил Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жил, Завхан аймагт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тус тус тохиож байгаа юм. Энэ хүрээнд 4-р сарын 26-30-ны өдрүүдэд баруун бүсийн эрчим хүчний салбарын ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан болон спортын их наадмыг зохион байгуулах юм байна. Энэхүү үйл ажиллагаанд баруун 5 аймаг болон Хөвсгөл, Баянхонгор аймгаас 300 гаруй хүн оролцохоос гадна Эрчим хүчний яамнаас 30 хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж ажиллахаар болжээ.
Дараа нь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын 2017 оны 04-р сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиуд болон дагалдах хууль, УИХ-ын тогтоолууд батлагдсан байна. МУ-ын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төрийн албан хаагчид зэрэг дэв олгох буюу зэрэг дэв ахиулах шийдвэрийг 2017-2019 онд гаргахгүй байх, төрийн албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, шатлалыг ахиулахыг 2017-2019 онд түр зогсоохыг үүрэг болгосон байна. 2017-2019 онд зөвхөн эрүүл мэнд, боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагаас 2 албан хаагч чөлөөлөгдсөн тохиолдолд 1 албан хаагчийг нөхөн томилох, бусад бүх салбар нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтны ажил, үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоох замаар ачааллыг нягтруулах, хэрэв зайлшгүй шаардлагатай орон тоог нөхөн томилох шаардлагатай гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад дахин зохион байгуулалт хийх зарчмаар шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар болжээ. Харин Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2018 оноос эхлэн 3 жилийн хугацаанд ажил олгогч болон даатгуулагч тус бүр 1.0, 0.5, 1.0 нэгжэээр нэмэгдсэн байна. Тухайлбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь , 2020 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 оноос эхлэн 12.5 хувиас багагүй байхаар тусгажээ.
Харин манай аймгийн ОНХС-ийн хөрөнгийг 14.8 хувь буюу 266.6 сая төгрөгөөр бууруулж 1,7 тэрбум төгрөг болгожээ. УИХ-ын 2016 оны 09 сарын 09-ний 47-р тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, 1-рт, захиргаа аж ахуйн зардлыг бууруулах 2-рт боловсон хүчний зардлыг бууруулах, 3-рт түлш халаалтын зардлыг онцгойлон авч үзэх, эмнэлгийн төрөх тасгаас бусад бүх төрийн байгууллагын халаалтыг 2017 оны 5 сарын 1-ээс зогсоож, 10 сарын 1-ээс авахаар болсон байна. Ийнхүү түлш халаалтын зардлыг хэмнэснээр хагас сарын хугацаанд Завхан аймагт гэхэд 700-аад сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна.
Мөн хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр энэ удаагийн төсвийн тодотголоор Завхан аймгийн ОНХС-ийн хөрөнгө 266.6 сая төгрөгөөр хасагдсан ч бусад аймгуудтай харьцуулахад бага бууралт гэдгийг хэллээ. Цаашид тодотгол бодохоосоо илүү Завхан аймагт хийх дорвитой хөрөнгө оруулалтуудын тухай бодох цаг ирсэн. Иймд албан байгууллагын дарга нар томоохон төсөл хөтөлбөрүүд дээр анхаарлаа хандуулан ажиллаж урсгал зардлын бууралтыг хөрөнгө оруулалтаар нөхөх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Энэ жил манай аймагт хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бөгөөд ГОУХАН-ийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд 2 сумын сургуулийн дотуур байрыг шинэчлэн засварлахаар болжээ.
Баян-Өлгий аймагт болсон баруун бүс нутгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зөвлөгөөнд Завхан аймаг амжилттай оролцсон байна. Энэ зөвлөгөөн 10-р сар хүртэл 4 үе шаттай хэрэгжих бөгөөд аймаг бүрт хөгжүүлж болох үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийг тодорхойлох юм. Харин зөвлөгөөнд манай аймгийн хувийн хэвшлийнхэн хангалтгүй оролцсон бөгөөд аливаа бизнесийн үндсэн зарчим нь мэдээлэл цуглуулах байдаг учраас цаашид энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.
6-р сарын 1-ээс 10-ны өдрүүдэд хилийн худалдааг зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгааг хэллээ. Мөн 6-р сард ОХУ, МУ-ын сайд нарын уулзалт болж хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх учраас манай аймгийн зүгээс тодорхой санал боловсруулж яаманд хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Өнгөрсөн 7 хоногт ЗГХЭГ-ийн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг баруун 5 аймгийн удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгох асуудлыг хүнээс гадна шаардлагагүй хууль дүрэм, тогтоол, шийдвэрүүд бүрдүүлж байна гэж үзжээ. Тиймээс эгэл жирийн иргэнд үүсч буй хүндрэл талаас нь харж энэ асуудал дээр албан байгууллагын дарга нар саналаа боловсруулж өгөх ёстойг онцоллоо. Аймгууд саналуудаа нэгтгэн ЗГХЭГ-т хүргүүлэх юм байна.
Завхан аймагт 10-30 мянган га-д үр тариа тариалах, цаашлаад БНХАУ-ын зах зээлд экспортлох гурилын үйлдвэрийг байгуулах зорилготой дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны ажлын хэсгийнхэн 5 сумд ажиллаж хөрсний шинжилгээ авчээ. Энэ шинжилгээгээр аль бүс нутагт ямар үр тариа тариалах тухай мэдээлэлтэй болох юм.
Цаг агаар дулаарч, бүсийн чанартай уралдаан тэмцээн ихэсч байгаатай холбогдуулан бүх нийтээрээ зорчиж буй хэсэгт аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс бусад аймаг, сумруу олуулаа албан ажлаар зорчих тохиолдолд Цагдаагийн байгууллагат хандаж аюулгүйн зөвлөгөө авах, түүнчлэн олон нийтийн ажил зохион байгуулах тохиолдолд мөн цагдаагийн байгууллагатай хамтарч хэв журам, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.
“Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үеэр албан байгууллагын дарга нарыг төрсөн сумынхаа удирдлагуудтай хамтран кэмп байгуулж ажиллах саналыг аймгийн Засаг дарга энэ үеэр тавьлаа. Мөн наадамтай холбогдуулан 7-р сарын 15-25-ны өдрүүдэд албан байгууллагын дарга нарт амралт өгөхгүй учраас амралтаа зохицуулж ажиллах ёстойг хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ