Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай улсын хэвлэл мэдээллийн салбар энэ өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Завхан аймгийн хэвлэл мэдээллийн салбарт AIR1, Шинэ Завхан телевизүүд, Радио ФМ 106.5, Завхан сонин, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, радио, МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сэтгүүлчид, 14 суманд ахмад сэтгүүлч, идэвхтэн бичигч гээд 25 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ололт амжилтууд болон тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Аймгийн Засаг дарга юуны түрүүнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжин ажиллана гэдгээ илэрхийлээд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоход тулгараад байсан хамгийн том асуудал болох Загастайн давааны 67 км замын хөрөнгийн асуудал 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн тухай сайхан мэдээллийг дуулгасан юм. Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийг баримт нотолгоотой, бодитой хүргэх нь хамгийн чухал. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү чадавхижих тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэллээ. Цаашид төрийн мэдээллийг олон нийтэд сурталчилах, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжин ажиллахад аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тодорхой хөрөнгө тусгах зэргээр боломжит бүхий л талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Б.Оюун-Эрдэнэ