Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж эхний мэдээллийг Улиастай сумын ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэбаатар хийлээ. Тэрээр “Ногоон Улиастай” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм . Мөн Сууц өмчлөгчдийн холбоог цаашид үр дүнтэй ажиллуулахыг зорьж байгаа бөгөөд айл өрхүүд хураамжаа төлж үйл ажиллагааг нь жигдрүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Ялангуяа төрийн албан хаагчид энэ асуудал дээр идэвх санаачлагатай хамтран ажиллахыг хүслээ.
Үүний дараа Тээвэр, авто замын газрын дарга Ганзориг улс орон даяар явагдаж буй авто тээврийн оношлогооны талаар мэдээлэл өглөө. Тус байгууллага 4-р сарын 24-өөс Отгон сумаас эхлэн хөдөө орон нутагт явуулын тоног төхөөрөмжөөр оношилгоо хийж байгаа бөгөөд торгохоос илүүтэйгээр зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг онцоллоо. Мөн татвар төлөөгүй бол үзлэг оношилгоонд оруулахгүй бөгөөд албан байгууллагын жолооч нар ч энэ асуудал дээр анхаарах хэрэгтэйг хэллээ. Мөн хурлын үеэр Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн Завхан салбарын захирал Г.Бадамхатан Завхан аймагт зохион байгуулсан баруун бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан болон спортын тэмцээний талаар товч мэдээлэл хийлээ.
Харин аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Завхан аймаг хавдрын өвчлөлөөр, тэр дундаа элэгний хавдраар улсад нэлээд дээгүүрт ордог. Энэ жил 40-65 нас, ирэх жил 15-39 насны иргэдийг элэгний С вирусыг илрүүлэх шинжилгээнд хамруулах юм байна. Тиймээс байгууллагын дарга нар ажилчдаа шинжилгээнд бүрэн хамруулах тал дээр анхаарч хамтран ажиллахыг хүслээ. 5-р сард оношлогоогоо дуусгаж, 6-р сараас эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хурлын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 23 сумд ажиллаж дууссан бөгөөд энэ 7 хоногт Улиастай сумын ЗДТГ болон 6 баг дээр ажиллана гэдгийг хэллээ. Үүний дараа албан байгууллагууд дээр ажиллах юм байна. Хамгийн гол нь энэ удаагийн баг зөвлөн туслах ажлын хэсэг гэдгийг онцолж байлаа. Мөн 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр авч албан байгууллагуудад хуваарилсан 27 гэрийг тохижуулж Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр ашиглана гэдгийг хэллээ. Түүнчлэн гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан мэргэжилтнүүд Завхан аймагт ажилласан болон “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжих тухай мэдээллийг тус тус дуулгалаа.
Б.Оюун-Эрдэнэ