“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЭКО СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ БОЛЛОО
860 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн улс орнууд өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэж, 2030 он хүртэлх дараагийн томоохон зорилтоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайжруулах, байгаль орчныг хамгаалах асуудлыг бүхэлд нь “Тогтвортой хөгжлийн зорилго” болгон дэлхийн түвшинд тодорхойлж, 2015 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар баталсан. Харин Монгол улс 2015 онд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, 2016 онд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан нь манай улсын хөгжлийг шинэ шатанд хүргэх, түүхэн ач холбогдолтой бодлогын 2 баримт бичиг гэж хэлж болно. Энэ хүрээнд МУ-ын ЗГ-ын тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санааг бүх шатны сургалтын хөтөлбөрт тусгаж, байгаль хамгаалах уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, орчин үеийн амьдралын хэмнэлд нийцсэн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ” гэж заасны дагуу олон ажлыг хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ БОАЖЯам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл юм. Төслийн хүрээнд 11 аймаг, нийслэлийн 2 дүүргийн 55 сургуульд “Эко сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь ISO 14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой ОУ-ын хөтөлбөр юм. Манай аймаг энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд Сантмаргац, Түдэвтэй сумын сургуулиуд, Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Дэвшил сургуулийн баг эхний шатны 2 өдрийн танхимын сургалтанд хамрагдлаа. Сургалтыг 3 үе шаттай зохион байгуулах ба сургууль тус бүрээс 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Эхний үе шатыг МБУГС-тай Дэвшил сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

ОУ-ын эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд шинээр элсэж буй сургуулиудын багш, сурагчид болон сургуулийн удирдлагад зориулсан энэхүү анхан шатны сургалт нь дэлхий нийтийн тогтвортой хөгжил, МУ-ын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан ОУ-ын эко сургууль хөтөлбөрийн үзэл баримтлал, аргачлалыг сургуулийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд тусгах, “Сургуулийн орчин” сэдвийн хүрээлэн буй орчны үнэлгээний арга зүйд суралцуулах зорилготой юм. Хөтөлбөрийн онцлог нь сурагчдын оролцоонд тулгуурлан тэдний идэвх санаачлагыг хөхүүлэн дэмжих замаар хүүхэд залуус, эцэг эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг эзэмшүүлж, тэдний зан үйл, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн байгаль орчны боловсролын ОУ-ын хөтөлбөр юм. Эко сургуулийн сурагчид хүрээлэн буй орчны талаарх шинээр олж авсан мэдлэгээ сурагчид, багш, ажилчид болон олон нийт, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахыг байнга санал болгож хөхүүлэн дэмждэг. Ингэснээр сурагчид танхимд сурсан хичээлээ практик үйл ажиллагаатай холбодог байна. Өөрөөр хэлбэл байгаль орчноо хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягтай болох, асуудал шийдвэрлэхэд бүтээлчээр хэрэглэдэг байх зэрэг үр дүнд хүрнэ гэж харж байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-05 19:54:32