ӨНӨӨДӨР “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
1173 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байгаа ба үүний тал хувь нь С вирусийн архаг халдвартай, тал нь В вирусийн архаг халдвартай амьдарч байна. Манай улсад хепатитийн вирусийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна. Тиймээс улсын хэмжээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, хепатитийн В, С вирусийн халдварыг илрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр аймгийн ХЖТеатрт зохион байгууллаа.  

Нээлтийн үйл ажиллагааны үеэр элэгний өвчлөлийн талаар ард иргэдэд мэдээлэл өгснөөс гадна хепатитийн В, С вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ авах, халдваргүй иргэдэд вакцин хийх зэрэг үйлчилгээг үзүүллээ. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр манай аймгийн хэмжээнд 15-с дээш насны 47610 хүнийг хепатитын вирусын архаг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, хепатитын вирусын архаг халдвартай хүмүүсийг хяналтанд авах, эмчилгээ хийх,  халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулах шаардлагатай байгаа юм байна. Ийнхүү хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 40-65 насны бүх хүмүүсийг H-info програмд харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэнэ. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хурдавчилсан оношлуураар илрүүлэг шинжилгээнд хамруулна. 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 сарын 20-ний өдөр хүртэл хуваарийн дагуу сонгон шалгаруулалтанд орж эрх авсан лабораториуд вирусын ачаалал тоолох үйл ажиллагааг тус тус явуулах юм байна. Харин 2017 оны 07 сарын 21-ний өдрөөс Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 249 дүгээр тушаалаар баталсан хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийх зааврын дагуу сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан эмч нар эмчилгээ хийж, хянах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад орон нутгийн засаг захиргааны болон эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг хангуулан, үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах юм байна.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн /40-65 насны хүн ам/ хүмүүсийн дундах хепатитийн вирусийн архаг халдвартай, элэгний хатууралтай, хавдартай хүмүүс болон эмчилгээ хийлгэх иргэдийн тоо тодорхой болно. Мөн иргэдийг зохих эмчилгээнд хамруулах, В вирусийн халдваргүй хүмүүсийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-05 20:31:01