''ХАВРЫН БАЯР-2017'' ЭНЭ САРЫН 26, 27-НЫ ӨДРҮҮДЭД ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД БОЛНО
1951 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.  Эхний мэдээллийг Бэлчээр ашиглагчдын холбооноос хийж “Ногоон алт” төслийн үйл ажиллагааг танилцууллаа. Энэ төсөл Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Завхан аймагт 2010 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байгаа бол “Ногоон алт малын эрүүл мэнд” төсөл 2017-2020 онд хэрэгжихээр болжээ. Үүний дараа Улиастай сумын Засаг даргын орлогч С.Ядамжав цаг үеийн мэдээлэл өглөө. Улиастай сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан 4 хөтөлбөрийн нэг болох “Унадаг дугуйтай Улиастай” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд унадаг дугуйн зогсоолтой болох, цаашлаад унадаг дугуйн замтай болохоор төлөвлөж байгаа юм. Тиймээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна байрлуулах сүүдрэвчтэй болон сүүдрэвчгүй зогсоолын захиалга авч байгаа ба үнийн дүнгийн тал хувийг тухайн байгууллага өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх юм байна. Иргэд энэ хөтөлбөрийг дэмжиж зах зээлийн ханшнаас хямд өртөгөөр дугуй худалдаалж байгаа гэдгийг хэллээ. Мөн 5-р сарын 13-нд “Үндэсний мод тарих өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулах бөгөөд иргэд, албан байгууллагууд мод тарихдаа Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улиастай сумын ЗДТГ-аас зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Хурлын үеэр мөн “Тогтвортой амьжиргаа-3”  төслийн зохицуулагч н.Бямбацэрэн мэдээлэл хийлээ. Тус төслийн эхний үе шат 2000-2007 онд ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байсан бол 2008-2013 онд сумдад тодорхой хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 3-р үе шат эхний шатуудад хийгдсэн ажлуудаа бататгах, сайн засаглалыг дэмжих, ОНХС-ийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Хамгийн гол нь сумууд ОНХС-ийн хөрөнгийг зарцуулахдаа иргэдийн оролцоог хангах, ТЭЗҮ сайн хийх, бусад хөрөнгийн эх үүсвэртэй хамтатган үр дүнтэй бүтээн байгуулалт хийх, мэдээллээ олон нийтэд хүргэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн ОНХС-ийн төлөвлөлт, явц, гүйцэтгэлд зөвлөмж өгч, хяналт тавих ажлын хэсэг байгуулах хэрэгтэйг ч онцоллоо.

Дараагийн мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Батдаваа өглөө. Энэ оны 6-р сарын 4 хүртэл үргэлжлэх “Хууль сурталчилах аян”-ы хүрээнд ХЗДХЯамнаас 5-р сарын 15, 16-ны өдрүүдэд Захиргааны ерөнхий хууль болон бусад шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар сургалт зохион байгуулах юм байна. Энэхүү сургалтанд албан байгууллагын дарга, сумдын тамгын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцоно гэдгийг хэллээ.

 

Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн цаг үеийн мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит “Оюуны наадам”-ын эхний шатны бүсийн шалгаруулалтууд сумдад үргэлжилж байгаа бол энэ сарын 11-ны өдөр 2-р шатны шалгаруулалт Улиастай хотод болно. Мөн энэ сарын 19-нд төрийн албан хаагчдыг чадавхжуулах ур чадварын тэмцээн,  26, 27-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд Хаврын баяр, 6-р сард Арц суурийн хилийн боомт дээр үзэсгэлэн худалдааг тус тус  зохион байгуулахаар төлөвлөснийг дуулгалаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-08 14:32:53