Өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаар овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах их үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн олимпиад энэ жил 15 дахь жилдээ амжилттай болж байна. Энэхүү олимпиад сурагчдын 9, багш нарын 2, эцэг эхчүүдийн 1 ангиллаар 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж 124 алтан медаль, 165 мөнгөн медаль, 165 хүрэл медаль, нийт 22 аваргын цом, 454 медаль, 63 тусгай байрын төлөө өрсөлддөг томоохон оюуны наадам юм. Наадамд 4-12-р ангийн сурагч, багш, эцэг эхчүүд нээлттэй оролцдогоороо онцлогтой. Мэргэжлийн багш нарын олимпиадад математик, мэдээлэл зүй, геометр, физикийн багш нар, мэргэжлийн бус багш нарын олимпиадад бусад мэргэжлийн багш нар оролцох бол эцэг эхчүүдийн олимпиадад багшийн мэргэжлээс бусад мэргэжилтэй бүх эцэх эхчүүд оролцох боломжтой юм. Олимпиадын эхний шатны шалгаруулалтуудыг 6 сумд бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор Цагаанчулуут, Дөрвөлжин, Нөмрөг, Улиастай суманд нийт 16 сумыг хамруулан амжилттай зохион байгуулаад байна.
Олимпиадын сэдвийг тусгайлан бэлтгүүлж, нууцлалын өндөр түвшинд хадгалж, оролцогчдын төлөөлөлтэй комисс задлах бөгөөд засалтыг мөн тусгай бэлтгэгдсэн багш нар гүйцэтгэж байна. Эхний шатны бүсийн шалгаруулалтууд 5-р сарын 9-нд Баянхайрхан, 10-нд Тосонцэнгэл суманд үргэлжлэх бол 2-р шатны шалгаруулалт 5-р сарын 11-ний өдөр Улиастай хотод болно.Олимпиадын 2-р үе шатанд 1-р шатнаас анги тус бүрээр эхний 6 байр эзэлсэн сурагчид, бусад аймаг сумдаас ирсэн багш, сурагчид, эцэг эхчүүд оролцоно.
Жил бүр уламжлал болгон нээлттэй зохион байгуулдаг “Оюуны наадам”-ын 2-р шатанд энэ жил бусад аймаг хотуудаас ч олон багш сурагчид оролцохоор мэдээллээ өгчээ. Олимпиадын 2-р шатанд оролцсон сурагчдыг мөн анги тус бүрт эхний 6 байр эзлүүлэх бол, “Уран бодолтын аварга”-аар 2 сурагч, “Үнэмлэхүй аварга сурагч”, “Манлай эцэг эх”, “Манлай багш” шалгаруулах юм. Харин мэргэжлийн багш нарын дунд “Математикийн олимпиад”, мэргэжлийн бус багш нар, эцэг эхчүүдийн дунд “Сэтгэх чадварын олимпиад”-ыг тус тус зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Мөн олимпиадаас хамгийн олон медаль хүртсэн сургуулийг шалгаруулан “Манлай сургууль”-иар өргөмжилж, Шилжин явах цом гардуулах юм. Олимпиадыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, Цагаанчулуут, Дөрвөлжин, Нөмрөг, Баянхайрхан, Тосонцэнгэл, Улиастай сумын ЗДТГ, сургуулийн захиргаа хамтран зохион байгуулж байна.
Б.Оюун-Эрдэнэ