Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ жил Завхан аймагт Мод тарих үндэсний өдрийг өргөн хүрээнд зохион байгууллаа. Улиастай сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 6 хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Ногоон Улиастай” хөтөлбөр юм. Тэгвэл энэ жилийн Мод тарих үндэсний өдөр болон “Ногоон Улиастай” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд өргөнөөр оролцлоо. Мөн энэ үеэр хүүхдүүдийн цэцэгт бүжиг, Улиастай сумын ЗДТГ-ын хамт олны флаш мооб зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлснээс гадна уран зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулж, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
“Ногоон Улиастай” хөтөлбөрийн хүрээнд иргэдийнхээ оролцоотойгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайд усалгааны систем шийдэх, мөн айл өрхүүд хашаандаа мод, зүлэг тарих, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжийг нь хангаж өгөх үүднээс айлуудын хашаанд усалгааны систем оруулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ. Мөн өнөөдөр сум бүрт эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бичил цэцэрлэг” байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд мод, зүлэг, цэцэг тарьж ургуулах аргачлалын талаарх сургалтыг мөн сум бүрт хийхээр төлөвлөжээ. Энэ жилийн бүх нийтээр мод тарих ажилд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцлоо. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэг ажилчдынхаа тоогоор 300 мод тарьсан бөгөөд мод бүрт тухайн хүний нэртэй пайзыг зүүжээ. Ингэснээр хүн бүхэн тарьсан модоо ургуулахын төлөө сэтгэл гарган арчилна хэмээн хамт олныхоо саналаар энэ ажлыг зохион байгуулсан байна.
2017 онд аймгийн хэмжээнд 18 ойн мэргэжлийн байгууллага 78 га талбай бүхий мод үржүүлгийн газарт үржүүлсэн 13 төрлийн навчит болон шилмүүст модны тарьц, суулгацаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээг хангаж байгаа юм байна. Хот суурин газрын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дунджаар 20 м.кв байхад манай улсад энэ тоо 4-5 дахин бага байгаа юм. Тиймээс иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болохыг нээлтийн үйл ажиллагааны үеэр уриаллаа. Судалгаанаас харахад хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг жил бүр өөртөө шингээн авдаг байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож үзвэл 50 жил ургасан НЭГ мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулдаг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ