Завхан аймгийн Улиастай суманд төрж, Цагаанхайрхан сумын 8-н жилийн сургуулиас ажил, амьдралын гараагаа эхэлж байсан ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн төрсөн нутагтаа ирж 5-н номынхоо нээлтийг хийлээ. Тэрээр “Би азтай хүн”, “Түүхийн жимээр-1,2”, “Түүх ухаарлын мэлмий”, Дурлалын романс-1 яруу найргийн түүврүүд, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн сургуулийн 80 жилийн ойд зориулсан “Эртний түүхтэй эх нутаг минь”, “Монголын төрийн түүхэн дэх АДХ” нэгэн сэдэвт бүтээл, “Өмнөд Завхан” хамтын бүтээл, Өвөр Монголын эрдэмтэн Учралтын “Хүннү хэлний судлал” номыг хөрвүүлж гаргажээ. Тэгвэл энэ удаад “MGL радиогийн “Түүхийн жимээр” радио нэвтрүүлгийн ярилцлагын ном “Дурлалын романс” яруу найргийн 2,3,4,5-р дэвтрүүдийг уншигчдынхаа гар дээр дэлгэн тавьлаа. Номын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, түүний гэргий Д.Ренчинсүрэн, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, БСУГ-ын дарга С.Ганчимэг болон ЕБС-ийн захирал, багш нар, түүний гэр бүл, мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олны төлөөлөл, шавь нар гээд олон зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Түүхийн ухааны доктор М.Жавзансүрэн нь 1992 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуулийг, 1994 онд Улиастай сумын ЭОН Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, 1998 онд МУИС-ийн НУФ-н түүхийн ангийг тус тус төгссөн. 1998-2003 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн сургуулийн түүхийн багш, 2003-2006 онд Завхан аймгийн Улиастай сумын ЭОН Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн түүхийн багш, 2006-2011 онд “Боловсрол” дээд сургуулийн түүхийн багш, ТАЖ-ын тэнхимийн эрхлэгч, 2011 оноос ШУТИС-ийн түүхийн багшаар ажиллаж байна. 2007 онд “АДХ-ын үүсэл хөгжил” сэдвээр магистр, 2012 онд “Монголын төрийн түүхэн дэх АДХ” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалжээ. 11 жилийн өмнө бакалавр зэрэгтэй багш бүсгүй Улаанбаатар хотруу мөрөөдлөөрөө жигүүрлэн “ниссэн” бол, 6 жилийн дотор магистр, докторын зэргээ хамгаалж, 11 жилийн дараа 15 ширхэг түүх, яруу найргийн номтойгоор ийнхүү эх нутагтаа ирж номын нээлтээ хийсэн юм.
Тэрээр цаашид өөрийн мэдлэг боловсролоо нутгийн зондоо түгээх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
Б.Оюун-Эрдэнэ