АЛДАРХААН СУМЫН ДУНД СУРГУУЛЬ ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ХӨГЖМИЙН КАБИНЕТТАЙ БОЛЛОО
2063 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрж өссөн нутаг орныхоо хөгжлийн төлөө цаг үргэлж сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл Алдархаан сумын уугуул, тус суманд 10 гаруй жил ажиллах хугацаандаа олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, морин хуур хөгжмийн гайхамшгийг монголд төдийгүй дэлхийд сурталчилахад томоохон хувь нэмэр оруулсан хүн бол Ю.Дэлгэрнасан багш юм. Тэрээр одоо Улаанбаатар хотод Глобал ОУ-ын дунд сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа ч нутгийнхаа хүүхэд багачуудын хөгжмийн боловсролын төлөө сэтгэлээ чилээж, мэргэжлийн хөгжмийн кабинет байгуулах хүслээ ажил хэрэг болгохоор уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөж, хөөцөлдсөний үр дүнд Алдархаан сумын дунд сургууль аймагт байхгүй иж бүрэн тоноглогдсон мэргэжлийн хөгжмийн кабинеттай боллоо. 52 инчийн LCD телевиз, хоум театр, акустик хавтан зэрэг багагүй хөрөнгө шаардагдах тоног төхөөрөмжүүдийг Дэлхийн банкинд төсөл бичсэнээр шийдвэрлэсэн бол хичээлийн хэрэглэгдэхүүн, хөшиг, ширдэг гээд цөөнгүй зүйлийг өөрийн хөрөнгөөр тохижуулжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хамт ажиллаж байсан Япон багшид хүсэлт тавьсны дагуу 62 ширхэг орчин үеийн бишгүүр хөгжим бэлэглэснийг Алдархаан сумын сурагчдад гардуулан өглөө.

Тэрээр мөн энэ үеэр хувийнхаа 60 гаруй номыг Алдархаан сумын дунд сургуулийн номын сангийн эргэлтийн фондонд тодорхой хугацаатайгаар хүлээлгэн өглөө. Хүн бүр энэ мэтээр өөрт байгаа номоо сургуульдаа өгвөл номын сангийн фондын баяжилтыг хялбар аргаар шийдвэрлэх боломжтой гэдгийг хэлж байлаа. Өөрийнхөө бүхий л боломж, бололцоогоор төрсөн нутагтаа хөрөнгө оруулалт хийхийг зорьж, тэмүүлж,  ажил хэрэг болгож байгаад нь нутгийн зон олон талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм.

Ийнхүү нутгаа гэсэн түүний сэтгэл, зүтгэлийн үр дүнд Алдархаан сум иж бүрэн тохижилттой хөгжмийн кабинеттай, хүүхэд бүр орчин үеийн бишгүүр хөгжимтэй боллоо. Ю.Дэлгэрнасан багш хүүхдүүдийн хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Завханчууд андахгүй мэднэ. Анх цөөн хэдэн хүүхэдтэй эхлүүлж байсан түүний морин хуурын дугуйлан Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойгоор 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг үзүүлэх хэмжээнд хүртлээ өргөжин тэлж, эдүгээ аймгийн хэмжээнд 3000 орчим морин хуурч хүүхэдтэй болж, өрх бүрийн хойморт морин хуурын аялгуу эгшиглэж байгаа. Тэгвэл үүний нэгэн адилаар тун удахгүй бишгүүр хөгжмийн хамтлагтай болж, аймагтаа төдийгүй улсдаа, цаашлаад дэлхийд нэрээ цуурайтуулах хөгжимчид төрнө гэдэгт итгэж байгаагаа энэ үеэр тус сургуулийн багш, эцэг эхчүүд хэлж байлаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-17 16:08:52