ТУВАГИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ЗАВХАН АЙМГААС 15 ОЮУТАН ГЭРЭЭГЭЭР СУРГАНА
1501 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга нарын ээлжит хурал ЗДТГ-ын хурлын танхимд болж эхний мэдээллийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан өглөө. Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хяналт шинжилгээ- үнэлгээ, дотоод аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг Завхан аймагт 5 хоногийн хугацаатай ажиллалаа. Тус ажлын хэсэг бүх албан байгууллагын удирдлагуудтай уулзсан бөгөөд санхүүгийн баримт үзэх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын үйл явц, дүнтэй танилцах, 200 албан хаагчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл үнэн эсэхийг газар дээр нь үзэж шалгасан байна. Гэтэл сахилгын шийтгэлээр 20 хүн чөлөөлөгдсөнөөс 4 нь одоо шүүхийн шатанд явж байгаа  юм. Бусад нь улс төрийн албан тушаалтан, тэтгэвэрт гарсан, тухайн ажлын байрны бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЗГ-ын тогтоолоор, өөрийн хүсэлтээр, өөр ажилд шилжсэн зэрэг шалтгаантай байна. Өөрөөр хэлбэл Засгийн газарт очсон мэдээдэл бодит байдлаас ялгаатай байна гэдгийг дүнгийн хурлын үеэр мэдээлжээ. Мөн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн ажлын хэсгийнхэн олон талын зөвлөмж өгснөөс гадна тендер зарлаж гэрээ байгуулсан ажлуудад явцын болон гүйцэтгэлийн хяналтыг эрчимжүүлэх, томилолтын тайланг бичсэний дараа томилолт хаах зарчмыг баримталж ажиллах тухай албан шаардлага өгсөн байна. Аймгийн Засаг дарга хэлэхдээ төрийн албан хаагчдыг чадваржуулах тал дээр нэлээн анхаарал хандуулж, ажлын хариуцлагыг сайжруулна гэдгийг онцоллоо. Албан байгууллагын дарга нар томоохон үйл ажиллагаанууд дээр ирэхгүй, хойрго хандаж байгаа учраас ирц, оролцооны үнэлгээг хийж олон нийтэд ил тод мэдээлнэ гэдгийг хэллээ.

Өнгөрсөн 7 хоногт мөн БСШУСЯамнаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Тосонцэнгэл, Улиастай сумдад ажиллаж төсөвт тусгагдаагүй зардалтай холбоотой асуудлуудтай танилцсан байна. Тус яамнаас Завхан аймагт хэд хэдэн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Завхан аймгаас анх удаа Тувагийн Үндэсний их сургуульд 15 оюутан сургахаар гэрээ байгуусан бөгөөд сонгон шалгаруулалт явагдах юм байна.Судалгааны ажлаар БСУГ-ын дарга С.Ганчимэг Тува улсад ажиллаад ирсэн бөгөөд хүүхэд өөрөө хичээвэл суралцах боломж нөхцөл нь бүрэн хангагдсан байгааг хэлж байлаа. Мөн Глобал удирдагч дээд сургуулиас ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж Тайвань улсад  Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр хүүхдүүд сургах боломж нээгдсэн байна. Харин Барилга хот байгуулалтын яамнаас Санхүүгийн хэлтсийн дарга н.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллах үеэр дулааны цахилгаан станц барих асуудал, Цэвэрлэх байгууламжийн асуудал, 21-р зуун хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээний асуудлыг тус тус тавьжээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ирж 114 км замын ажилтай танилцсан бөгөөд Загастайн давааны 67 км замын ажлыг аль болох хурдан хугацаанд эхлүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлсэн байна. Завхан АЗЗА ХХК нь Ганцын давааны замыг сайжруулах, Яруу сумын хатавчны амны замыг засах ажлыг тус тус хийхээр төлөвснийг энэ үеэр дуулгалаа.

Хурлын үеэр Улиастай сумын ЗДТГ-ын зүгээс төрөлх хотоо ногоон болгох үйлсэд сэтгэл, зүтгэл гарган хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа талархлаа илэрхийлээд “Цэвэр хот-Улиастай” аян, Ногоон-Улиастай хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн аймгийн ХЖТеатраас 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн дугуйлангууд үнэ төлбөргүй хичээллэж байгааг дуулгалаа. 6-р сарын 1-нд Эх үрсийн баяраар байгууллагынхаа гадна талбайд үлгэрийн хотхон байгуулахаас гадна “Сар нуугдсан шөнө” жүжгийг тоглохоор төлөвлөжээ. Тиймээс хүүхдүүддээ “Оюунлаг бэлэг” буюу төлөвшил хүмүүжилд нь хувь нэмэр оруулах 3000 төгрөгийн үнэтэй тус жүжгийн билетийг бэлгэн дундаа байршуулж өгөхийг уриаллаа.

БСУГ-ын зүгээс бага ангийн сурагчдын хичээл тарж байгаатай холбогдуулан хүүхдүүдээ аливаа сургалтын үйл ажиллагаанд хамруулахдаа тус байгууллагаас зөвлөгөө авах, хүүхдийн баяраар чанаргүй, өвчлөл үүсгэх бэлгээс татгалзах хэрэгтэйг хэллээ. Мөн Боролдой номын дэлгүүр сурагчдын амралтаар хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаандаа түшиглэн хувийн хүүхэд харах үйлчилгээ нээж байгааг дуулгалаа. Мөн ХШҮДАХ-ийн дарга Н.Бямбадорж Асгат сумд “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт бүсийн сургалтыг амжилттай зохион байгуулсан тухай мэдээлэл өглөө. Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа БНХАУ-ын Шаньши хотод болсон Цайны зам дагуух хотуудын дарга нарын 5 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон талаараа мэдээлэл хийлээ. Тус уулзалтанд ОХУ, БНХАУ, Монгол улсын 90 гаруй хот, муж нутгийн 400 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Завхан аймгийн Улиастай хот бол цайны зам дагуух худалдааны өнө эртний түүхтэй төв зам байсан учраас Улиастай хотод тулгуурлан энэ замыг сэргээх, аялал жуулчлал, үйлдвэрлэл худалдааг өргөжүүлэх боломжтой талаар уулзалтын үеэр онцолж хэлсэн байна. Мөн энэ оны 7 сарын 22-25-ны өдрүүдэд Цайны замын гол төв зам дээр Нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан өвөрмөц наадам зохион байгуулах тухай мэдээллийг тус тус өгчээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-24 10:23:54