Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу төрийн байгууллагын ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт хойд бүсийн сургалтыг Асгат сумд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 9 сумын 150 гаруй төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид идэвх санаачлагатай, зохион байгуулалттай оролцлоо. Энэ үеэр төрийн албаны стандартын талаар илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулж 9-н сумын сургуулийн захирлууд илтгэл тавьснаас Цэцэн-Уул сумын ЕБС-ийн сургуулийн захирал С.Ганболдын “Төрийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх сэтгэл ханамжийн судалгаа” сэдэвт илтгэл тэргүүн байр, Түдэвтэй сумын үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн талаарх илтгэл дэд байр, Сонгино сумын ОНХС-ийн бүрдүүлэлт, үр өгөөжийг дээшлүүлэх тухай илтгэл гутгаар байр эзэллээ. Мөн зохион байгуулалтын баримт бичиг хэрхэн боловсруулах талаар ур чадварын тэмцээн зохион байгуулж Түдэвтэй, Цэцэн-Уул, Баянтэс, Баянхайрхан, Сонгино сумууд эхний 5 байрт шалгарсан байна. Харин нутгаа хэрхэн хөгжүүлэх тухай эссэ бичлэгийн уралдаанд Сантмаргаз, Баянтэс, Цэцэн-Уул, Түдэвтэй, Сонгино сум, Тооны машины тэмцээнд Цэцэн-Уул, Нөмрөг, Баянхайрхан, Сонгино, Баянтэс сум, Захирамжлалын болон архив бичиг хэргийн ур чадварын тэмцээнүүдэд Баянтэс, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз сумууд тус тус амжилттай оролцож эхний байруудад шалгарлаа.
МУ-ын тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд 2017 оны 03-р сард МУ-ын ЗГ-ын 89-р тогтоол гарсантай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудад хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх, орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор журмын нийтлэг үндэслэл, зарчим, хамрах хүрээ, төлөвлөлт, арга зүй, үр дүн, хариуцлагын талаар аймгийн ЗДТГ-ын ХШҮДА-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар сургалт зохион байгууллаа.Түүнчлэн төрийн байгууллагуудаа иргэдэд сурталчилах ажлын хүрээнд спорт, урлагийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж нэгдсэн дүнгээр урлагийн төрөлд Сантмаргаз сум, спортын төрөлд Түдэвтэй, Сонгино, Баянтэс сумууд тэргүүллээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын 2017 оны 122-р захирамжийн дагуу төрийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг газар дээр нь үзэж, Асгат сумын Эрүүл мэндийн төв тэргүүн байр эзэлсэн байна.
Нийлбэр дүнгээр Сонгино сумын хамт олон түүчээлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол Сантмаргаз сум дэд байр, Түдэвтэй сум гутгаар байранд шалгарчээ. Энэхүү бүсийн сургалтыг аймгийн хэмжээнд 4 бүсэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ийнхүү эхний сургалт идэвх оролцоо сайтай, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Б.Оюун-Эрдэнэ