“ХАВРЫН БАЯР-2017” УРЛАГ, СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
1743 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаа бол “Хаврын баяр” урлаг, спортын наадам юм. Аймгийн Засаг даргын нэрэмжит 15 дахь удаагийн наадмыг энэ жил Тосонцэнгэл суманд амжилттай зохион байгууллаа. Орон нутагт урлаг соёл, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү наадамд 24 сумын Засаг дарга багаа ахалж оролцсон бөгөөд сум сумаас шалгарсан урлаг, спортын шилдгүүд авьяас чадвар, хурд хүчээ сорин эн тэнцүүхэн өрсөлдлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр  “Хаврын баяр” урлаг, спортын наадмын түрүү жилийн аварга Тосонцэнгэл сумын баг тамирчдын төлөөлөл шилжин явах цомыг аймгийн засаг дарга Д.Батсайханд гардуулан өгч, багууд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тамирчид болон шүүгчдийн төлөөлөл тангараг өргөж, “Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Жаргалсайхан  амжилт хүсч ая дуугаа өргөлөө.

“Хаврын баяр-2017” урлаг, спортын наадмыг энэ жил Үндэсний бөх, Үндэсний сур, Хасаа харваа, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Шатар, Даам, Ширээний теннис, Дартс гэсэн спортын 9 төрөл, Уртын дуу, Хөгжмийн хамтлаг, Ардын бүжиг, Ардын аман зохиол, Зохиолын дуу гэсэн урлагийн 5 төрлөөр тус тус зохион байгуулж, 1200 гаруй оролцогч хурд хүч, авьяас чадвараа сорилоо. Өмнөх жилийн наадмуудад бүсүүдээс шалгарсан шилдгүүд аймгийн төвд ирж өрсөлддөг байсан бол энэ жилийн наадамд сум сумын шилдгүүд оролцсон юм. Мөн багийн спортын төрлүүдэд сумууд 1-2 лигонер тамирчин оролцуулахыг зөвшөөрсөн нь наадмыг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосноос гадна орон нутгийн тамирчид тэднээс суралцах боломжийг олгосноороо онцлогтой наадам боллоо. Үндэсний сурын харвааны ерөнхий шүүгчээр МУ-ын мэргэн, спортын мастер Б.Ёндон ажилласан гээд Завхан аймгаас төрсөн алдартнууд тус наадамд нэлээд ач холбогдол өгч оролцлоо.

Энэ жилийн “Хаврын баяр” урлаг спортын наадамд сум бүр 40-99 хүний бүрэлдэхүүнтэй идэвх санаачлагатай оролцсон бөгөөд зохион байгуулалтын өндөр түвшинд болсон гэдгийг  хэлж байлаа. Ийнхүү “Хаврын баяр-2017” урлаг спортын наадмын шилдгүүд тодроход Ардын аман зохиолын төрөлд Тосонцэнгэл сумын Даваарагчаа тэргүүн байр, Яруу сумын Ишжамц дэд байр, Отгон сумын Цээпил гутгаар байр, Харилцаа дууны төрөлд Цагаанчулуут сум 1-р байр, Түдэвтэй сум 2-р байр, Тосонцэнгэл сум 3-р байр, Бүжгийн төрөлд Алдархаан сум 1-р байр, Тосонцэнгэл сум 2-р байр, Тэс сум 3-р байр, Ардын хөгжмийн төрөлд Тосонцэнгэл сум тэргүүн байр, Идэр сум дэд байр, Нөмрөг сум гутгаар байр, Уртын дууны төрөлд Тосонцэнгэл сумын Лхагвасүрэн 1-р байр, Алдархаан сумын Ө.Цэрэндорж 2-р байр, Улиастай сумын Бат-Өлзий 3-р байрыг тус тус эзэлсэн байна. Харин Үндэсний бөхийн төрөлд Улиастай сумын П.Баярсайхан тэргүүн байр, Улиастай сумын Н.Билгүүн дэд байр, Я.Ишжамц гутгаар байр, Үндэсний сурын эрэгтэй төрөлд Алдархаан сумын Б.Ууганбаяр тэргүүн байр, Улиастай сумын Б.Пүрэвжаргал дэд байр, Тосонцэнгэл сумын Ш.Балсэнгэ гутгаар байр, эмэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын Б.Аззаяа тэргүүн байр, Алдархаан сумын Л.Батбаяр дэд байр, Идэр сумын Б.Сугар гутгаар байр, Дартсын эрэгтэй төрөлд Баянтэс сумын С.Доржцэмбэ 1-р байр, Яруу сумын Д.Мөнхтөр 2-р байр, Сантмаргаз сумын А.Жанцанбалжир 3-р байр, эмэгтэй төрөлд Алдархаан сумын Ч.Оюунчимэг 1-р байр, Шилүүстэй сумын Д.Алтанжаргал 2-р байр, Завханмандал сумын Ө.Дуламсүрэн 2-р байр, Хасаа харвааны цуваа төрөлд Дөрвөлжин сумын П.Ариунболд тэргүүн байр, Улиастай сумын С.Базаррагчаа дэд байр, Улиастай сумын Б.Гансүх гутгаар байрыг тус тус эзэллээ. Хасаа харвааны багийн төрөлд Б.Баттулга ахлагчтай Дөрвөлжин сум тэргүүн байр, Ч.Буянзаяа ахлагчтай Улиастай сум дэд байр, Л.Энх-Амгалан ахлагчтай Эрдэнэхайрхан сум гутгаар байр, Шатрын эрэгтэй төрөлд Тэлмэн сумын Д.Пунцагнамжил тэргүүн байр, Улиастай сумын Г.Ишдорж дэд байр, Улиастай сумын У.Сэр-Од гутгаар байр, шатрын эмэгтэй төрөлд Улиастай сумын Ө.Амгалан тэргүүн байр, Тосонцэнгэл сумын Б.Норжинсүрэн дэд байр, Улиастай сумын Ж.Цэрэнноров гутгаар байр, Даамны эрэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын С.Пүрэвдаш тэргүүн байр, мөн тус сумын Г.Алтанбагана дэд байр, Сонгино сумын Г.Гантөмөр гутгаар байр, эмэгтэй төрөлд Идэр сумын Н.Мөнхжаргал тэргүүн байр, Алдархаан сумын Б.Даваасүрэн дэд байр, Тосонцэнгэл сумын Х.Дэмчигсүрэн гутгаар байр эзэллээ. Ширээний теннисний эрэгтэй төрөлд Түдэвтэй сумын Б.Цолмон тэргүүн байр, Тосонцэнгэл сумын Б.Баттулга дэд байр, Тосонцэнгэл сумын М.Гомбосүрэн гутгаар байр, эмэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын Г.Болортуяа тэргүүн байр, Түдэвтэй сумын Г.Цэнд-Аюуш дэд байр, Улиастай сумын Э.Золзаяа гутгаар байр, Ширээний теннисний хос төрөлд Тосонцэнгэл сумын баг тэргүүн байр, Улиастай сумын баг дэд байр, мөн Тосонцэнгэл сумын баг гутгаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Сагсан бөмбөгийн төрөлд Д.Бархас ахлагчтай Улиастай сумын баг тэргүүн байр, Д.Ренчинсүх ахлагтай Тосонцэнгэл сум дэд байр, Х.Батдорж ахлагчтай Шилүүстэй сум гутгаар байр, эмэгтэй төрөлд М.Уянга ахлагчтай Дөрвөлжин сум тэргүүн байр, Ч.Отгонжаргал ахлагчтай Улиастай сум дэд байр, Б.Хосбаяр ахлагчтай Тэлмэн сум гутгаар байр, Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд П.Энхбаяр ахлагчтай Идэр сум тэргүүн байр, Д.Самдансүрэн ахлагчтай Тосонцэнгэл сум дэд байр, Б.Эрдэнэбаатар ахлагчтай Улиастай сум гутгаар байр, эмэгтэй төрөлд Б.Нямсүрэн ахлагчтай Тэлмэн сум тэргүүн байр, Б.Уранбилэг ахлагчтай Улиастай сум дэд байр, Х.Дуламсүрэн ахлагчтай Тэс сум гутгаар байр эзэллээ.

Багийн нийлбэр дүнгээр Тосонцэнгэл сум дахин түүчээлж шилжин явах цомоо хадгалж үлдсэн бол Улиастай сум дэд байр, Идэр сум гутгаар байрыг тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ. Ийнхүү урлаг спортынхны шилдгийн шилдгийг тодруулдаг “Хаврын баяр” наадам энэ жил олон онцлох үйл явдалтай, зохион байгуулалтын өндөр түвшинд, амжилттай болж өндөрлөлөө.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-30 11:09:07