Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хууль сурталчилах аяныг 5-р сарын 4-өөс 6-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү аян нь шинээр батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, зөв чиг хандлага бий болгох зорилготой юм. Аяны хүрээнд хэд хэдэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг юм. Тэгвэл энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион байгуулж шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд ард иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж, хууль эрх зүйн цогц мэдээлэл үйлчилгээг үзүүллээ.
Аймгийн Засаг даргын зүгээс шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажиллах орчин нөхцөл, техник хангамжийг сайжруулах зорилгоор 25,9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, “Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд батлуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр дуулгалаа. Ийнхүү шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.