Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж эхний мэдээллийг аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга Д.Мөнхбат хийлээ. Тэрээр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулснаас гадна шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр тус байгууллагаас зохион байгуулах ажлын тухай товч мэдээлэл өглөө. Дараа нь Улиастай сумын ЗДТГ-аас 2017 оны 6-р сарын 1, 2-ны өдрийг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэснийг дуулгаад энэ өдрүүдэд зохион байгуулах үйл ажиллагааны тухай мэдээлэл хийсэн бол мөн ГБХЗХГазраас Хүүхдийн баярын өдрүүдээр зохион байгуулах онцлох ажлуудыг танилцууллаа.
Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа “Хаврын баяр-2017” урлаг спортын наадмыг Тосонцэнгэл суманд амжилттай зохион байгуулсан тухай мэдээлсэн бол аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлуудын тухай мэдээлэл өглөө. Статистикийн ажилтнууд болон сумдын худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтанд аймгийн Засаг дарга оролцож төрийн албаны тулгын 3 чулуу болох эрх, үүрэг, хариуцлага гурвыг хамтад нь хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Мөн аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод 2 хоног ажиллах хугацаандаа Тайвань улсын элчин сайд болон Тайпэй эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчтэй уулзаж Сайн эмч, Сайн багш хөтөлбөрийн хүрээнд Тайван улсад Завхан аймгаас эмч, багш нар, оюутнууд сургах, түүнчлэн төрийн албан хаагчдыг дунд хугацааны сургалтанд хамруулахаар ярилцжээ. Хамгийн гол нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй нэгэн саналыг хэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өрөөнүүдийг “Үйлдвэрлэлийн төв” болгох бөгөөд бизнес эрхлэгчид ашиглалтын зардлаа хариуцан өрөөнүүдэд үнэгүй үйлдвэрлэлээ явуулах боломжийг олгохоор төлөвлөжээ.
Мөн 6-р сарын 2-ны өдөр хүртэл Завхан аймагт болох “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн удирдах хорооны 3-р хуралдаан болон 6-р сарын 2-4-ны өдрүүдэд болох “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл өглөө. Улиастай сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй “Унадаг дугуйтай-Улиастай” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд байгууллагуудын гадна талбайд байрлуулсан дугуйн зогсоолыг арчилж өргөжүүлэх ёстойг хэллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Хүүхдийн баяраар бүтэн өнчин хүүхдүүдийг баярлуулах үйл ажиллагааг зохион байгуулах саналыг гаргаж, албан байгууллагын дарга нар дэмжлээ.
Б.Оюун-Эрдэнэ