Ажлын хэсгийнхэн эхлээд аймгийн Засаг дарга, удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр аймгийн ГХБХБГазраас Завхан аймгийн газар зохион байгуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Завхан аймгийн нийт газар нутгийн 10.85 хувь нь улсын тусгай хамгаалалтанд, 4.15 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтанд, өөрөөр хэлбэл аймгийн нийт газар нутгийн 15 хувь нь тусгай хамгаалалтанд байдаг. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх, уул уурхайн бус бүс нутаг байх, байгалиа онгон дагшинаар нь авч үлдэхийг зорьж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга хэллээ. Мөн 7-р сарын 22-25-ны өдрүүдэд болох Нүүдэлчдийн соёлын наадмын тухай мэдээллийг өглөө. БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг аймаг орон нутгийн зүгээс баримталж байгаа бодлогыг сайшаалаа. Түүнчлэн Завхан аймагт болох Нүүдэлчдийн соёлын наадам бол олон жил хүлээсэн, жинхэнэ нүүдэлчин ахуй соёлыг харуулсан сайхан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгааг хэлээд дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ажлын хэсгийнхэн мөн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийг өргөжүүлэх шаардлага, үндэслэл, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, Дөрвөлжин суманд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй Баян-Айраг эксплорэйшн ХХК-ийн байгаль орчны үйл ажиллагаатай танилцах, Завхан аймаг дахь байгаль орчны салбарын байгууллагуудтай уулзалт хийх, Дөрвөлжин суманд газрын доройтлыг бууруулах зорилгоор байгалийн нөөцийн хамтын менежментийг нэвтрүүлэхэд хувийн хэвшил, ОУ-ын донор байгууллага, төсөл, орон нутгийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны эхлэлийн өнөөгийн байдал, Завхан голын чацарганы төгөлтэй тус тус танилцах юм. Харин 6-р сарын 2-ны өдөр “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн удирдах хорооны 3-р хуралдаан болно. Энэ үеэр төслийн хагас жилийн тайлан, нэг жилийн амжилт, сургамж, хүлээгдэж буй үр дүнг танилцуулахаас гадна Баруун бүсийн экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг аймгуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудал, Дарви, Дөрвөлжин, Бөхмөрөн сумдын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний төсөлд санал авах, Дөрвөлжин сумын доройтсон газрын өнөөгийн байдал, нөхөн сэргээх төлөвлөгөөг тус тус хэлэлцэж удирдах хорооны гишүүд санал, зөвлөмжөө гаргах юм.
Б.Оюун-Эрдэнэ