ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
795 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр албан байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа хэдий ч энэ хуулийн талаарх төрийн албан хаагчдын мэдлэг, мэдээлэл хангалттай бус байгаа юм. Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан онцлох заалтуудын талаар танилцууллаа. Өмнө нь холбогдох дүрэм журмаар зохицуулагддаг байсан харилцаануудын ихэнх нь хуульчлагдсан гэдгийг хэллээ. Мөн эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн иргэнийг төрийн албанд дахин томилохгүй байхаар зохицуулжээ. Төрийн албан хаагч 3 сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх бол түр чөлөөлнө, харин 6 сараас дээш хугацаагаар сургалтанд хамрагдах бол түр чөлөөлөхөөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл шинэ хуулийн төслөөр эмчилгээний хугацааг багасаж, сургалтанд хамрагдах хугацааг нэмж өгчээ. Түүнчлэн сахилгын зөрчлийн дээд хугацаа 6 сар байсныг 36 сар болгосон байна. Энэ мэтээр төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн байгааг онцлоод хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой гэдгийг хэллээ.

Үүний дараа аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг өнгөрсөн 7 хоногт болсон онцлох үйл явдлын тухай мэдээлэл өглөө. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 насны ойд зориулсан “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 6-р сарын 2-4-ны өдрүүдэд болсон бөгөөд аймгийн ХЖТеатр, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Орон нутаг судлах музей амжилттай зохион байгуулсан байна. Мөн өнгөрсөн 7 хоногт хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлын талаар товч мэдээлэл хийлээ.

Аймгийн Шүүхийн тамгын газрын даргаар Батжаргалын Амартүвшин томилогдсон байна. Мөн хурлын үеэр “Бүх нийтийн боловсролын төлөө” ИНБ-аас мэдээлэл хийж хамтран ажиллахыг хүслээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-06-05 16:42:22