“ЯВУУ-88” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
876 ХҮН ҮЗСЭН БАЙНА

20-р зууны Монголын утга зохиолын суу билигт сод төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойд зориулсан “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь түүний уран бүтээлийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх замаар орон нутгийн ёслол хүндэтгэлийн тэмдэглэлт өдрийг бий болгох зорилготой юм.  Нээлтийн үйл ажиллагаа Генералуудын талбайд болж аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж үг хэллээ.

Их найрагчийн 88 настны тэгш ойн хүндэт зочдоор МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд”-ийн эзэн, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Явуухулангийн нэрэмжит анхны наадмын тэргүүн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дарь Сүхбаатар, анхны “Хутагтын хишигт” шагналт яруу найрагчид болох Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын философийн холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт, Мило богдын хишигт шагналт, нэрт яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай, МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МЗЭ-ийн шагналт, Ялгуусан гэгээн Нарованчин гэгээний хишигт шагналт яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, Нарованчин гэгээний хишигт шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, ОУ-ын утга зохиолын шагналт, шилдэг бүтээлийн Алтан өд-ийн хошой шагналт, МЗЭ-ийн шагналт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хамбын гэгээн, Арь гэгээний хишигт шагналт яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Мулцангийн Уянсүх, МЗЭ-ийн шагналт, Арь гэгээн Чанарав, Билигт ламын хувилгааны хишигт шагналт яруу найрагч Базарсадын Баттулга, МЗЭ-ийн шагналт, Буурал багшийн хувилгааны хишигт шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Болор цомын хошой дэд байрын шагналт, Жалханз хутагтын хишигт шагналт яруу найрагт Оюунцэцэгийн Цэнд-Аюуш нар оролцлоо.

Явуу-88 ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтийн үеэр Монголын утга зохиолын төлөөлөгчид уран бүтээлээ толилуулснаас гадна 108 хүүхэд их найрагчийн “Би хаана төрөө вэ” шүлгийг уншлаа. Мөн аймгийн төв номын сангийн урд байрлах их найрагчийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслол болсон юм. Түүнчлэн Алдартны музейн Б.Явуухулангийн танхимыг шинэчлэн дэглэсний нээлт, Мөнгөн жүнзны ёслолын үйл ажиллагаа боллоо.  

Энэ үеэр Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дууны уралдаан зохион байгуулснаас гадна хутагтын хишигт анхны шагналтнууд, зочин яруу найрагчид уншигчидтайгаа уулзалт хийсэн юм. Мөн “Оюуны жимс-2017” яруу найргийн наадам боллоо. Наадамд 37 яруу найрагч оролцож 3 үе шаттайгаар өрсөлдсөнөөс  МЗЭ-ийн шагналт Болор цомын дэд байрын шагналт яруу найрагч Б.Цэнд-Аюуш тэргүүлж, дэд байрт Ховд аймгийн яруу найрагч  н.Жамбалдорж, гутгаар байрт Завхан аймгийн яруу найрагч  Э.Сарантуяа нар тус тус шалгарлаа.

Их найрагчийн мэндэлсний 88 жилийн ойг бэлгэдэж түрүүлсэн найрагчийг 888.888 төгрөг, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэвэр мөнгөн тэмдгээр шагнасан юм. Цаашид энэхүү мөнгөн тэмдгийг 5 хүртэлх сая төгрөгийн хамт Б.Явуухулангийн нэрэмжит шагнал болгон “Болор цом”-д оролцсон нэг яруу найрагчид олгож байхаар боллоо. Мөн Алдархаан сумын Мандаат уулын Ар амны тасархай буюу их найрагчийн төрсөн газарт хүндэтгэл үзүүлсэн юм. Ийнхүү Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-06-07 11:38:53