ЗАВХАН АЙМАГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ 7-Р САРЫН 10, 11-НЫ ӨДРҮҮДЭД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ
2611 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал боллоо. Эхлээд аймгийн БСУГ-ын дарга С.Ганчимэг мэдээлэл хийлээ. 2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1037 хүүхэд суурь боловсрол, 1124 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Энэ сарын 14-18-ны өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт МУИС-ийн Завхан сургууль дээр болох бол 7-р сарын 2-7-ны өдрүүдэд Политехник коллеж дээр хуваарь хийнэ гэдгийг хэллээ. Мөн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө. Тухайлбал хүүхдүүд өдөр бүр гар утас, интернэт хэрэглэж цахим ертөнцөд шимтэх болсноор гэр бүлээсээ хөндийрч, сэтгэхүй, зан араншинд нь өөрчлөлт орж, гэмт  хэрэгт холбогдох тохиолдол хүртэл гарч байгаа юм байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө. Түүнчлэн цахим орчинд хүүхдүүд нэгнээ ялгаварлан гадуурхах явдал их байгаатай холбогдуулан БСШУСЯамнаас энэ хичээлийн жилд “Цахим гадуурхал цаашаа” аяныг амжилттай зохион байгуулсан байна. Энэ хүрээнд Завхан аймагт ч багагүй ажлыг хийсэн бөгөөд хүүхдүүдээс авсан судалгаагаар тэдний хүсэл мөрөөдөл нь аав ээжтэйгээ хамт байж халуун дулаан яриа өрнүүлэхийг хүсдэг тухайгаа хэлжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ аль болох ойр дотно байхаас гадна БСУГ, ЭМГ, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудаас зөвлөмж авах боломжтой гэдгийг хэллээ.

Дараа нь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл МУ-ын ЗГХЭГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн “Хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулах аргачлал”  сэдэвт сургалтын талаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Петровис ШТС-ийн Завхан салбарын захирал байгууллагынхаа үйл ажиллагаа болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулсан урамшууллын талаар танилцуулсан юм. Харин аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрээр аймгийн ИТХ-ын 4-р хуралдаанаар хэлэлцүүлсэн эдийн засаг, нийгмийг  2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг бэлтгэхэд албан байгууллагуудын тайлан мэдээнүүд хангалттай бус байсныг санууллаа. БОАЖЯамнаас гаргасан 6-р сарын 1-ээс 7-р сарын 1-ны хугацаанд хэрэгжүүлэх “Цэвэр орчин” аяны хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Тиймээс Улиастай сумын багууд, тэр дундаа Товцог баг болон аж ахуйн нэгж, албан байгууллагууд эргэн тойрноо цэвэр цэмцгэр байлгах тал дээр анхаарах хэрэгтэйг онцоллоо. Завхан аймаг Үндэсний их баяр наадмыг 7-р сарын 10, 11-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан баяр наадам зохион байгуулах комисс, 7 салбар хороотойгоор байгуулагдаж тус тусын үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаж байна. Харин 7-р сарын 22-25-ны өдрүүдэд Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур дээр болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нар 7 хоног бүрийн Пүрэв гарагийн 10:00 цагт уулзалт зохион байгуулж байхаар болжээ.

Мөн хурлын үеэр аймгийн УЦУОШГазрын дарга Э.Мөнгөнцэцэг мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 5-р сард Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байсан байна. Тиймээс 6-р сарын 3-ны өдөр 4 удаагийн харвалт хийсний үр дүнд Цагаанхайрхан суманд 3.2 мм, өмнөд хэсгээр 05.-0.6 мм хур тунадас оржээ. Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар халах төлөвтэй байгааг хэллээ. Хамгийн сүүлд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгчийн Тамгын газраас аймгуудийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд өгсөн Завхан аймгийн үнэлгээ ташаа гарсан бөгөөд албан ёсоор залруулга хийнэ гэдгийг мэдээлсэн байна. Дээрх хуулийн хэрэгжилт манай аймагт 2016 оны жилийн эцэст 98 хувь, он гарсаар 93 хувийн хэрэгжилттэй байгаа гэдгийг хэллээ. Энэ долоо хоногт аймгийн албан ёсны цахим хуудас болох www.zavkhan.gov.mn сайтад байгууллага бүрийн мэдээлэл жагсаалтаар гарах юм байна. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОНХС-ийн хэрэгжилтийн талаар иргэдээс судалгаа  авах учраас албан байгууллагын дарга нар цааш нь зөв мэдээлэл дамжуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга хүслээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-06-14 11:30:36