“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
1346 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн амын дунд хепатитын вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар халдварын тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж байгаа. Завхан аймгийн хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хэд хэдэн асуудал шийдвэрлэлээ. 7 сарын 1 гэхэд 40-65 насны бүх иргэдийг элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ёстой.  Завхан аймгийн хэмжээнд 40-65 насны 17983 иргэн байгаа юм. Илрүүлэг шинжилгээг зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудыг ажлын хэсэг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэрээ байгуулсан компани 5 мл-ийн хуруу шил нийлүүлэхээр тохирсон ч 3 мл-ын хуруу шил явуулснаас болж 12.010 ширхэг хуруу шил дутсан байна. Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн хэлэхдээ энэ асуудлыг гэрээ байгуулсан газар буюу аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай шийдвэрлэж, бүх сумдад шинжилгээг тасралтгүй  хийх боломжоор хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Бас нэгэн тулгамдаж буй асуудал бол аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сийвэн хадгалах хөлдөөгч, автомат соруур байхгүй байгаа юм байна. Тиймээс эхний ээлжинд аймгийн зүгээс Улиастай сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвийг хөлдөөгч болон автомат соруураар хангах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Түүнчлэн иргэдийн хувьд анхаарах шаардлагатай асуудлууд байгааг ч хэлж байлаа. Тухайлбал аймгийн хэмжээнд даатгалаа хийлгээгүй 6000 орчим иргэд илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Иргэд 2016 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсний дараа эрүүл мэндийн үйлчилгээ авах, В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломж бүрдэх юм. Тиймээс ард иргэд та бүхнийг ирээдүйн эрүүл амьдралынхаа төлөө даатгалаа хийлгэж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй, 7-р сарын 1 хүртэл үргэлжлэх В, С вирус илрүүлэх шинжилгээнд яаралтай хамрагдахыг уриалж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-06-14 11:47:06