ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ НАЙРУУЛСАН ЖҮЖИГ БИШ, ШУДАРГА БОЛОХ ЁСТОЙ
802 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал Зэвсэгт хүчний 325-р анги дээр боллоо. Тус анги 1997 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 20 жилийнхээ ойн хүрээнд багагүй бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийсэн гэдгийг онцолж байлаа. Эхлээд штабын дарга н.Буянзаяа Монгол улсын зэвсэгт хүчний өнөөгийн байдал, Батлан хамгаалах аюулгүй байдлын тухай, Зэвсэглэл, техникийн шинэчлэл, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь зэвсэгт хүчний оролцооны талаар мэдээлэл хийлээ. Мөн Зэвсэгт хүчний 325-р ангийн захирагч Чулуунзагд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа. Анх 4 салбартай байгуулагдаж байсан тус анги өнөөдөр 7 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 2005 оноос хойш 290 цэрэг эхнийг дэмжих ажиллагаанд оролцжээ.

Мөн хурлын үеэр аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга Э.Ундармаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хийж,  40-65 насны иргэдээ 7-р сарын 1-ны дотор харьяа Эрүүл мэндийн төвүүд дээр элэгний В, С вирусын шинжилгээнд яаралтай хамруулахыг уриаллаа.

 

Харин аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн 7 хоног болсон онцлох үйл явдлын талаар болон цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрээр 2 хоног УБ хотод ажилласан байна.  ДЗМОУБ-аас эдийн засгийн хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд одоо 2-р шат буюу төсөл боловсруулах, шалгаруулах шатанд ажиллаж байгаа юм. Тиймээс аймгийн зүгээс шалтгаалах асуудлуудыг шийдвэрлэх тал дээр ЗДТГ-ын ХОХБТХэлтэс ажиллах ба холбогдох байгууллагууд мэдээллээ гаргаж өгөх ёстойг хэллээ. Мөн одоогоор Завхан аймагт мал, амьтны халдварт өвчин гараагүй гэдгийг албан ёсоор дуулгалаа.

 

Үүргийн гүйцэтгэлийн сангаас Бөхөн шарын нуруун дээр Жи мобайлын станц тавих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгчээ. Энэ нь МУ-ын хэмжээнд дэмжигдсэн цөөн төслийн нэг болж чаджээ. Аймгийн Засаг дарга УБ хотод ажиллах хугацаандаа тус сангийнхан ажлын хэсгийнхэнтэй мөн уулзсан бөгөөд 24 сумын интернэтийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Түүнчлэн БСШУС-ын шинэ сайд Г.Чулуунбаатартай уулзаж тус салбарт хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулснаас гадна 11-р сард ашиглалтанд орох усан бассейн бүхий спорт цогцолбор, ХЖТеатрын барилгын асуудлаар тодорхой саналуудыг тавьжээ.

Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Завхан аймгийн 5 сумын сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах бөгөөд Тосонцэнгэл сумын 2 сургууль, Ургамал сумын дунд сургуулийн дотуур байрны засвар хийгдэх бол Отгон, Шилүүстэй сумын тендер энэ жилдээ зарлагдахгүй болсныг хэллээ.

 

Германы GIZ төслийн суурин төлөөлөгчтэй, “Ногоон алт” төслийн төлөөлөгчидтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцжээ.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг Завхан аймагт ажиллах үеэр Нүүдэлчдийн соёлын наадмын тухай мэдээлэл өгч сайдын зүгээс ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн БОАЖЯамнаас 1 сарын хугацаатай зохион байгуулж буй “Цэвэр орчин” аяны хүрээнд байгууллагууд маш сайн ажиллах ёстойг онцлоод ажлын тайлангаа БОАЖГазарт өгөхийг үүрэг болголоо.

 

Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн ХХАГазарт пургон автомашин, компьютер тоног төхөөрөмж, 24 суманд Ямаха мотоцикль өгөхөөр болжээ. Түүнчлэн Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид, Франц улсын эмч нар Завхан аймагт ажилласныг дуулгалаа.

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн унтуулгын аппарат эвдэрсний улмаас мэс ажилбар хийх боломжгүй болоод байсан юм. Тэгвэл аймгийн ИТХ-аар тодотгол хийж ОНХС-ийн 30 сая төгрөгөөр энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ.  Эрүүл мэндийн яамны зүгээс ч Завхан аймаг руу нэлээд анхаарч одоогоор 8 машин олгосноор сумдын түргэн тусламжийн машинуудыг шинэчилсэн байна. Харин Улиастай сумын ӨЭМТөвүүдийг тохижуулахад аймгийн Засаг даргын нөөц сангаас 1.8  сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж иргэдээ тохьтой орчинд үйлчүүлэх боломжийг хангажээ.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байгаа тухай мэдээллийг мөн өглөө.

 

Үндэсний их баяр наадмыг Завхан аймагт 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ шийдвэр нь ард түмэндээ найруулсан жүжиг биш, шударга наадам, үндэсний бөхийн барилдаан үзүүлэхийг зорьж байгаа гэдгийг хэллээ. Харин бүх сумын наадмыг 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж шөвгийн 8-д үлдсэн бөхчүүдийг аймгийн наадамд барилдуулахаар болжээ.

 

Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга тун удахгүй 7-р сарын 22-23-ны өдрүүдэд Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур дээр зохион байгуулах “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж албан байгууллагуудад хариуцсан ажлаа цаг алдалгүй, үр дүнтэй хийхийг үүрэг болголоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-06-27 14:41:37